Тарковскийн ховор баримтуудыг 2,5 сая доллароор худалдан авч музейд нь шилжүүлэв

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 03

Дэлхийн кино урлагийн нэрт төлөөлөгч ,Оросын найруулагч Андрей Тарковскийн намтартай холбоо бүхий архивын ховор баримтуудыг Иванов хотын Юрьевец дэх гэр музейд нь шилжүүллээ.

 “Газарч”, ”Толь” киноны кадрын зураглалууд \раскадровка\,тэмдэглэлийн дэвтэрүүд , Леонид Брежневт илгээсэн захидал , таагүй шүүмжилсэн сэтгэгдэл  бүхий  дуу хураагуурын хуурцагуудыг  “Сотбис” дуудлага худалдааны биржээс худалдан авсан байна.

Ховор баримтуудыг найруулагчийн нарийн бичгийн дарга асан кино судлаач Ольга Суркова дуудлага худалдаанд оруулсан юм.Тэрээр Голландад олон жил амьдрахдаа Тарковскийн бичиг баримт,эд зүйлсийг эмхлэн цэгцэлж хадгалжээ.

Тус арилжаанд 22 төлөөлөгч  өрсөлдсөнөөс эцсийн дүнд 2,5 сая долларын\1сая 300 000 фунт стерлинг\ санал дэвшүүлсэн Иванов хотын оролцогч ялалт байгуулсан юм.

Ялагчийн хожсон ховор баримтуудын багцад Тарковскийд хамаарагдах огт санаанд оромгүй зүйлээс авхуулан 1000 гаруй эд зүйлс багтжээ.

Андрей Тарковскийн гар бичмэлүүд сүүлийн 13 жил зарагдаагүй өндөр үнэ хүрсэн байна.

Домогт найруулагчийн гар ноорог, дуу хоолойн бичлэг Оросын суут яруу найрагч А.С.Пушкины шүлгийн эхээс илүү үнэлэгджээ.

Энэхүү шинэхэн үзмэрүүдийг энэ оны 6 сард болох Тарковскийн нэрэмжит “Толь” кино наадмын үеэр нийтэд дэлгэн үзүүлэх юм.

Алдарт  найруулагчийн  амьдралынхаа эцсийн мөч хүртэл  гадаадад  цөөнгүй  жил амьдарч байхдаа  үлдээсэн  эд мөрийн баримтыг эх орондоо авчирахад  урлагт хайртай  олон  меценат өгөөмөр  гараа сунгажээ.

“Капитал Груп”-ийн захиралын зөвлөл Павел Тё ,”Толь” кино наадмын хамтрагч “Газпромбанка”-ийн Илья Елисеев, болон бизнесмен Александр Клячин, Мишель Литвак, “Үндэсний бестселлер” шагналыг санаачлагч Константин Тублин  нар хичээнгүйлэн зүтгэсэн байна.

Мөн өөрийн  хувийн “буурай” үзмэрээс хандивласан алдарт кино найруулагч Никита Михалковын нэрийг дурдахгүй өнгөрч болохгүй юм.

Лондоны “Сотбис” урлагийн биржийн энэ удаагийн арилжаанд эцсийн шат хүртэл оролцогчид продюсер Борис Тетеревийг эс тооцвол нэрээ хэлэхийг хүсээгүй юм.

Тэдний дунд олны танил эрхэмүүдээс Данийн кино найруулагч Ларс фон Триер байсан юм.

Иванов хотын захиргаа 2013 оны “Толь”олон улсын кино наадмын үеэр Андрей Тарковскийн дуу хоолой бүхий 32 хуурцаг,13 мини пянз,томоохон хэмжээний гэрэл зургийн 4 цомог,”Цагаан ,цагаан өдөр”,”Толь”,”Солярис”,”Газарч” киноны эцсийн хувилбараар хэвлэсэн кино зохиолууд болон зураг авалтын кадрын төлөвлөгөө, Леонид Брежневт илгээсэн дэлхийд алдар нь түгж олон наадмын түрүүг авсан хирнээ Зөвлөлтийн дэлгэцэнд “Андрей Рублев” киног гаргахгүй байгааг лавласан захидал зэрэг олон сонирхолтой баримтуудыг дэлгэх юм.

М.Мишээл

.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top