“Юм бүхний эхлэл хэцүү”гэдэг хойно Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Хунт нуур “ бүжгэн жүжиг аугаа суутанг амьд сэрүүн байхад нь төдийлэн амжилт олоогүй билээ.
Анх энэ алдарт балетийг Москвагийн Их театрын тайзан дээр 1877 оны 3 сарын 4 –нд Юлиус Рейзенгер дэглэн тавьсан ч олны таашалд хүрч чадаагүй юм.
Гэвч өнөөдрийн өндөрлөгөөс харахад тухайн үеийн хөгжимчдийн ур чадвар,бүжиг дэглээчийн хичээл зүтгэлтэй холбон ойлгож болох юм.
Тэгсэн ч 18 жилийн дараа Санкт-Петербург хотноо Петип, Иванов нар “Хунт нуур “-ыг тайзнаа анх амилуулсан гэж үздэг.
Анхны Одеттад Полина Карпакова тоглож байжээ.
Дэлхийн сонгодог болтлоо хөгжсөн энэ сайхан бүжгэн жүжгийн гайхамшигт дүрийг алдарт Майя Плисецкая 1947-1977 он хүртэл тайзан дээр 800 гаруй удаа бүтээжээ.
Өнөөдөр суут хөгжмийн зохиолч Чайковскийн алдар суутай зэрэгцэн жинхэнэ тэр хунт нуур нь хаана байсан бэ? гэсэн асуулт зүй ёсоор тавигддаг.
Энэхүү зохиолын санаа төрсөн Альпийн бэл дэх Германы Фюссен хотын домгийн цэнхэр нуур ч байж болох юм.Эсвэл онгодоо хөглөн уянгалан бичиж суусан Украйны Черкасс мужийн Каменкид байж мэднэ.
Магадгүй Петр Ильичийн төрсөн нутаг Воткиний жижиг цөөрөмд ч хунгийн сүрэг чуулж ч болох юм.
Харин түүний бичсэн “Хунт нуур”-ын давалгаа дэлхийн нэртэй театр бүхэнд эгшиглэсээр байна.
М.Мишээл

Сэтгэгдэл ( 0 )