ОХУ-ын үйлдвэр худалдааны яам хүүхдийн бараа бүтээгдхүүнийг 2020 хүртэл хөгжүүлэх стратеги болон энэ салбарын экспортын өсөлтийг нэмэгдүүлэх асуудалд анхааралаа төвлөрүүлэх чиглэл барьж байгаа талаар “Российская газета” сонинд өгүүлжээ.
Энэ талаар Засгийн газарт оруулах саналыг 4 сарын 10 –ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ.
ОХУ-ын үйлдвэр худалдааны яамны дэд сайд Виктор Евтуховын үзэж байгаагаар дотоодын зах зээлд үндэсний брендийн чанартай хямд хүүхдийн бараа бүтээгдхүүнээр хангахын сацуу Оросын гадаадад гаргах экспортын 20-30% хүртэл өсгөх зорилт дэвшүүлээд байгаа юм.Мөн үндэсний шинэ шинэ брендүүдийг дэмжин дэлгэрүүлэхийн чухлыг онцлов.
Үйлдвэр худалдааны сайд цааш нь хэлэхдээ дэлхийн зах зээл дээр Оросын загварын компьютерийн болон төрөл бүрийн тоглоом, моделиуд,сэтгэн бодох чадвар хөгжүүлэх иж бүрдэлүүд эрэлт ихтэй байдаг нь энэ салбар хурдацтай хөгжих давуу тал болохыг цохон тэмдэглэв.
Одоогоор ОХУ-д 25 сая орчим хүүхэд болон өсвөр насны иргэд байдаг бөгөөд хүүхдийн бараа бүтээгдхүүний үндэсний үйлдвэрлэгчид дөнгөж 30 орчим хувийн хэрэгцээг дотооддоо хангадаг ажээ.
М.Мишээл
.

Сэтгэгдэл ( 0 )