Нэг хэсэгтээ нам гүм байсан урлагийнхан гэнэт сэрэв үү гэмээр л ар араасаа дугаарлан ядмагхан тоглолтоо тоглосоор байна. Өнгөрсөн мартын 8, цэргийн баярын сизоныг алдалгүй зохиолын дуучдийн шоу бизнес нэлээд амжилттай үргэлжилсэн. Зохиолын дуучид нэг нэгэндээ туслан нэг тайзнаас нөгөөрүү гүйж дуулсан гэхэд болно. Харин одоо рок попын ээлж болж, нэг дор бөөнөөрөө цуглан “Бид хамтдаа” шоу тоглолтыг энэ сарын 12-нд буюу баасан гаригт 19 цагаас “UB Palace”-ийн концертийн их танхимд тоглох гэж байна. Энэ тоглолтын гол зорилго нь ойрын хэдэн жил нэг тайзнаа цуглаагүй урлагийнхныг үзэгчидтэй уулзуулж, хит дуунуудаар хөглөх, үүнээс гадна хүнд өвчний улмаас энэлэн шаналж буй А.Сүлд хэмээх бяцхан хүүд юм байна. Нэг ой ч хүрээгүй байгаа хүүгийн биеийн байдал маш тааруу байгаа бөгөөд гадаад улсад яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай байгаа гэнэ. Тиймээс “Наранзол” сангаас санаачлан рок попынхоныг нэгэн тайзнаа нэгтгэж тусламжийн гараа сунгахыг зорьжээ. Энэ шоу тоглолтыг жил бүр рок, попынхны томоохон цугларалт, наадам болгохоор давхар зорьж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )