Дэлхийн хөрөнгийн захын өнгө төрх өнөөдөр хачин сайхан байна. Америк, Ази, Европын гол индексүүд өсөлттэй тэмдэглэгдэж байна. Хөрөнгө оруулагчдыг үргээхүйц ноцтой мэдээгүй, байдал харьцангуй нам байгааг индексүүдийн үзүүлэлтүүдийг илтгэгч ногоон тэмдэглэгээнээс харж болно. Харин тэргүүлэгч эдийн засгуудын ойрын хугацаан дахь өнгө төрхийг харвал арай өөр зүйл яригдах болно л доо. Ямартай ч манай өмнөд хөршийн эдийн засгийн мэдээллийг харахад экспортын тоон мэдээллийн үнэн зөв байдал эргэлзээтэй гэгдэж байна. Номура, Голдман Сакс, ЖиПиМорган Чэйс зэрэг хөрөнгө оруулалтын компаниуд Хятадын экспорт сүүлийн 3 сар хүлээгдэж байснаас илүү, дор хаяж 7.5 нэгж хувиар өссөн гэсэн албан ёсны мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа юм. Тэдний үзэж байгаагаар энэ нь гадаадын хөрөнгө оруулалтыг Хятад руу татах зорилготой үйлдэл гэнэ. Хэрэв сүүлийн 8 жилийн хугацаанд анх удаа гарч буй ийм өсөлт зассан тоо гэдэг нь үнэн бол Хятадын эдийн засаг шинэ засгийн газрын бататгаад байгаа шиг сэргэж амжаагүй хэрэг болж таарна. Хятадын Хэрэглээний үнийн индекс 3 дугаар сард 2.1 хувиар өссөн нь хүлээгдэж байснаас бага, өнгөрсөн сарын 3.2 хувьтай харьцуулахад буурсан үзүүлэлт бөгөөд инфляциас болгоомжлон санхүүгийн системээс их хэмжээний мөнгө татан аваад байсан Төв банкинд бага зэрэг амсхийх боломжийг олгож байгаа юм. Хятадын шинэ засгийн газар эдийн засгийн өсөлтийг 8 хувьтай, инфляцийг 3 хувьтай барих зорилттой ажиллаж байгаа аж. Тэгэхээр манай өмнөд хөршийн эдийн засагтай холбоотой ийм мэдээ байгаа бол АНУ-ын эдийн засаг ямар байгаад анхааръя.
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн зүгээс бодлогын хүүг хамгийн доод түвшинд барьсан хэвээр байгаа. Эрх баригчидын зүгээс татварын бодлого чангатгах болсон нь 20 жилийн өмнөх Клинтон ерөнхийлөгчийн үед авч хэрэгжүүлж байсантай адил юм. 1993 оноос 2000 онд “S&P” индекс 3 дахин өсч, ам.долларын ханш 15 хувь орчим чангарч байсан. Хэрэв энэ байдал давтагдана гэвэл “S&P” индекс 2000 гэсэн түвшингээс дээш арилжаалагдаж болох юм. Судалгааны томоохон компаниуд болон хөрөнгө оруулалтын банкуудын зүгээс АНУ-ын эдийн засгийн өсөлтийг ирэх 3 – 5 жилийн хугацаанд таатай бодлогын үр дүнгээр улам сайн байх болно гэж хүлээж байгаа юм.
Тус улсын Хөдөлмөрийн статистикийн товчооноос өнгөрсөн гуравдугаар сард улсын хэмжээнд 88 мянган ажлын байр шинээр бий болсны дийлэнх нь мэргэжлийн болон бизнес үйлчилгээний, мөн эрүүл мэндийн салбарт бий болсон бол жижиглэн худалдаалах салбарт их хэмжээний ажлын байр татан буугдсан гэсэн мэдээллийг өгөөд байна. Энэ нь хүлээж байснаас доогуур, сүүлийн 9 сарын хугацаанд хамгийн бага хэмжээний өсөлт бөгөөд АНУ-ын ажилгүйдлийн хэмжээ 7.6 хувь болж өмнөх сараас 0.1 нэгж хувиар буурчээ. АНУ-ын хүн амын өсөлттэй уялдуулж тооцоход сард 90 мянган ажлын байр нэмэгдэж байж тус улсын ажилгүйдлийн түвшин тогтмол байх тул энэ бол маш хангалтгүй үзүүлэлт юм. Энэхүү үзүүлэлт нь энэ оны эхнээс хамгийн өндөр орлоготой иргэдийн татварыг өсгөсөн, цалингийн шимтгэлийн хөнгөлөлтийг хүчингүй болгосон болон 3 дугаар сарын эхнээс Засгийн газрын зардлыг багасгасантай холбоотой гэж зарим судлаачид үзэж байгаа юм.
Тэгээд наран улсын эдийн засаг ямар байна вэ гэдгийг харъя. Тус улсын Японы төв банкнаас өсөлтийг дэмжих, үнийн уналтыг зогсоох зорилгоор мөнгөний нийлүүлэлтийн хэмжээг 2 дахин өсгөх төлөвлөгөөтэй байгаагаа зарласны дараа хөрөнгийн бирж дээр Японы Никей индекс 13 мянгыг давж, 2008 оноос хойш хамгийн өндөр хэмжээндээ хүрсэн билээ. Энэ арга хэмжээний бас нэгэн зорилго бол Йений ханшийг сулруулж экспортдоо дэмжлэг үзүүлэх явдал гэж үзэж байгаа бөгөөд энэ нь биеллээ олох эхний шинж тэмдэг илэрч, Йенийн ханш 2009 оноос хойш хамгийн бага хэмжээндээ хүрчээ. Шинжээчдийн үзэж буйгаар энэ байдал ирэх сард хадгалагдах прогнозтой байгаа аж. Жилд 50 их наяд Йен буюу Японы ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний Засгийн газрын бондыг худалдан авах, үүний зэрэгцээ эрсдэлтэй болон үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийх энэхүү шийдэмгий алхам нь Японы эдийн засагт шинэ үеийг авчирч байж болзошгүй гэх. Зарим судлаачдын дээрх үйл ажиллагаа нь зах зээл дээрх хөрөнгийн үнийг хөөрөгдөн, хиймлээр өсгөж магадгүй гэсэн болгоомжлолд Японы сангийн сайд Х.Курода үнэт цаасны зах зээл дээр үнийн хөөрөгдөл ойрын хугацаанд гарахгүй, аливаа эрсдэлд маш соргог хандана гэсэн няцаалтыг өгөөд байгаа юм.
Тэгэхээр салбарын сайдын няцаасан байр суурь бодит эсэхийг харах хэрэгтэй болж байгаа юм. Ерөнхийдөө тэргүүлэгч гүрнүүдийн эдийн засагт олон өнгө зэрэгцэн оршиж байна.
Б.Итгэлт
Сэтгэгдэл ( 0 )