Тоншуул: Шинэчлэгдээгүй МАН-ыг “шинэчлэх” 21 гишүүний хэн нь хэн бэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 05

 

Өөрсдийгөө сөрөг хүчин гэж харах өнөөдрийн МАН-д сөрөх чадвар бий юу гэдэг нь одоогоор харагдаж дийлэхгүй нь үнэн. Ямартай ч шинэчлэлийн төлөөх гэх тодотголыг өмнөө хийсэн Их хурал болж, намын аппарат солигдсон ч, шүүмж араасаа дагуулж таарах нь. “Ноён Тоншуул” би  Монголын улстөрийн ууган хүчний шинэчлэлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэх нь зөв болов уу. Таны амьдарч буй  энэ нийгэмд өдөр ирэх тусам өнгө засч байгаа сайн сайхан зүйлс цөөнгүй бий ч, засч залруулахын төлөөнөө бурууд нүд хурц гэдгийн үлгэрээр хандахаас өөр аргагүй асуудлууд олон байгаа гэдгийг би хэлдэг. Тиймээс ч болж бүтлээ гэх нэрийдлээр болж бүтэхгүй зүйлс буглагдан үлдэх нь нийгэмд хортой учир ийн дуугарч буйгаа хэлэх нь зөв биз. МАН гэдэг нь засгийн эрх мэдлийн төлөөх улстөрийн нам боловч нөгөө талаас улстөр, нийгмийн амьдралд чухал үр дагавруудыг дагуулж авчрах боломж бүхий хүчний нэгдэл. Тэр утгаараа энэ нам үнэхээр шинэчлэгдэх гээд байна уу эсвэл..? гэдэг асуултын хариулт нийтэд хамаатай.

 

За яахав намыг залах гол удирдагчийн томилгооны хувьд М.Энхболдын хувьд олон үг төдийлөн нуршаад байлтгүй нөхцөл байдал харагдаж байгаа. Гэхдээ тэр ганцаараа томоохон өөрчлөлтийг авчирж угаас дийлэхгүй. Генсек болоод бусад дарга нараас гадна намын Удирдах зөвлөлийн бүрэлдхүүн, Бага хурлын төлөөлөгчид гэхчлэн олон нөхдүүдийн зөв бөөгнөрөл энэ намын бараантсан өнгө зүсийг сэргээх учиртай. Тэр үүднээсээ харвал Бага хурлын төлөөлөгчдөө сонгохоосоо л асуудал дагуулсан. Нөгөөх оргон зайлаад эрэн сурвалжлагдсан Т.Билэгт гэхчлэн хууль зөрчсөн асуудлуудад нэр нь холбогдчихоод цэвэрлэж ч чадаагүй яваа нөхдүүдийг дуу нэгтэйгээр оруулж ирж байна гэхээр эрхгүй үнэлэмж унахаар.

 

Шинэ дарга М.Энхболд нь  МАН-ын түүхэнд үлдэх 27 дугаар Их хурал болж өмнөө тавьсан зорилтоо биелүүллээ гэж байгаа ч, бас шинэ Генсек Ж.Мөнхбат “Их хурал маань шинээр Бага хурлаа бүрдүүлж шинэ аппаратыг байгуулан шинэчлэлийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажиллаж эхэллээ” гэсэн ч цаашид хоршин ажиллах энэ хоёр даргын үгсээс илүү бодит нөхцөл байдал нийтэд эргэлзээ дагуулаад байгаа юм. Уг намын шинэ дарга М.Энхболд шинэчлэл гэдэг хүний шинэчлэл биш бодлогын шинэчлэл гэж хэлснийг нөгөө талаас нь ухаж ойлговол зөв бодлогыг хөрсөнд буулгаж чадах хүмүүсийн асуудал чухалд тавигдаж байгаа. Тэр үүднээс нь  МАН-ын шинэ удирдлага буюу Удирдах зөвлөлд томилогдсон нөхдүүдийн дотроос улстөрийн туршлагатай, бодлогыг боловсруулж, тодорхойлж байсан хүмүүсийг олж харахад бэрх байна.  


Ер нь бол  21 гишүүний жагсаалтаас Цэндийн Нямдорж, Нямаагийн Энхболд, Янгугийн Содбаатар  гэхчлэн хэдхэн хүнийг тэнцэх хэмжээнд авч үзэж болмоор бөгөөд Пүрэвдоржийн Анужин, Санжаагийн Оюунбилэг, Цэндсүрэнгийн Сандуй, Баатарын Амарсанаа гэхчлэн стандарт бус нөхдүүдийг олноор нь харж болж байна. Ингээд Удирдах зөвлөлийн 21 гишүүний хэн нь хэн бэ гэдгийг тодруулъя.

 

 

Жамъянгийн Мөнхбат  


Намын гал тогооны нарийн ширийн бүх асуудалтай тулж харьцах Генсекийн суудалд суусан түүнийг цочир хүлээж авсан талууд бий. Хэдийгээр түүний нэр энэ суудалд яригдаж байсан ч, тэр тэнцэх хэмжээний улстөрчийн төлөвшилтэй, зангарагтай нэгэн биш гэдгийг нь тодотгосон мэдээллүүд дагаж байв. Ажлын туршлагыг нь харвал 2002-2003 онд УИХ-ын даргын Ажлын албанд зохион байгуулагч, 2003-2004 онд УИХ-ын даргын шадар туслах, 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, 2005-2007 онд МАН-ын дэргэ­дэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2008-2010 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч, 2010-2011 онд МАН-ын Удирдах зөвлөлийн дэргэдэх Улстөрийн бодлогын байнгын хорооны дэд дарга, 2011 оны зургадугаар сараас Монгол Ардын Намын төв хэвлэл "Монголын Үнэн" сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байгаа түүнийг шинэчлэгч нэгний дүрээр хүлээн авахаас өмнө даалгавар гүйцэтгэгч нэгэн гэдгээр нь харагсад  цөөнгүй.

 

Хүрэлбаатарын Булгантуяа  


Удирдах зөвлөлийн гишүүний суудалд дэндүү түүхий үзэгдэх нөхдүүдийн нэг бол Хүрэлбаатарын Булгантуяа.  “Петровис” компанийн хэлтсийн дарга тэрээр компанийнхаа ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлийн түлхээсээр орж ирсэн нь тодорхой байгаа.

Өмнө нь тэрээр НАМЗХ-ны жендер хариуцсан дэд ерөнхийлөгч байсан аж. Мөн “Оюутолгой” болон Дэлхийн банкны олон улсын төслүүд дээр ажиллаж байсан нэгэн юм байна.

 

Түдэвхүүгийн Гантулга  


 Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад баахан хэл аманд орооцолдсон нэгэн юм. "Онц их хурлын төлөө" хөдөлгөөн байгуулж тэмцэж явсан тэрээр намын Хэвлэл мэдээлэл, гадаад болон олон нийтийн харилцаа, пи-ар хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдоод байна.

 

Нямаагийн Энхболд  


Энэ хүний талаар энэ удаадаа илүү олныг нуршаад юу хийх вэ. Удирдах зөвлөлд байхад болох хэмжээний туршлага, чадвар түүнээс гарна.

 

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 


МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж, өндөр хувийн санал авч чадсан түүнийг дутуу үнэлээд яахав. Улстөрийн хорыг ч гайгүй сайн найруулалцаж чадаад байгаа түүний хувьд тулх, даац харуулж чадах нэгэн.

 

Жаргалтулгын Эрдэнэбат  


Сэлэнгээс УИХ-д сонгогдсон тэрээр сүүлийн үед намын шинэчлэлийн асуудлаарх байр сууриа тодоор илэрхийлэх болсон. Улстөрийн карьераа илүү өндрөөр ч харж байгаа байж болох. Тэрээр Намын их хурлынхаа талаар “-Тодорхой хэмжээнд нэлээд өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж, үйл ажиллагаа болон дүрэмдээ өөрчлөлт орууллаа. Энэ бол зүйгээр суугаагүйн нэг илрэл. Ямар ч байсан өөрчлөхөөр явж байна. Цаашид үйл ажиллагаа маань хэрхэн өрнөх нь намын Их хурлын шийдвэрийг үргэлжлүүлэх асуудал дээр тодорхой харагдах байх.” хэмээн хэлж буй.

 

 

Отгонбилэгийн Содбилэг  


УИХ-ын гишүүн, “Петровис” компанийн хувь эзэмшигч О.Содбилэгийн тухайд ирэх сонгуулиар ч барахгүй болов уу гэсэн прогноз хийхэд дөхөхөөр. Учир нь аав Ш.Отгонбилэг агсныхаа нэр сүрээр улстөрд тавьсан түүнд залуу хүн гэхэд гялалзтал хийдэг байтугай гялалзтал бодлого ярих хэмжээний ч чадвар бага шүү дээ.


Чимэдийн Хүрэлбаатар 


Уг нь түүнд туршлага бий. Гэхдээ тэр Увсад мөнгө тарааж санал худалдаж авсан асуудлаа ч нэг тийш болгочихож чадахгүй хэрнээ чуулганы танхимд гүрийгээд л сууж байгаа. Энэ мэт нөхдүүд улстөрийг ямар нэг хэмжээгээр бохир харагдуулдаг гэдгээ санахад илүүдэхгүй.

 

Долгорсүрэнгийн Сумьяабазар 


За даа. УИХ-ын гишүүн гэдэг нь л үнэн. Тэрнээс өөрөөр түүнд улстөрчийн олигтой замнал, туршлага, зангараг сэлтийг хайгаад эрээд хэрэггүй дээ. За тэгээд бөх хүн жагсаалтад орох ёстой л гэсэн хууль үгүй бол заавал түүнийг Удирдах зөвлөлд оруулж ирэх хэрэг байсан ч юм уу.


Цэндийн Нямдорж


Хамгийн туршлагатай парламентчидын нэг түүнийг намынхаа Удирдах зөвлөлд суух дайны зангарагтай нэгэн гэдгийг л энэ удаад хэлье.


Янгугийн Содбаатар  


Түүний хувьд нас болоод туршлагын хувьд УЗ-д орж ирэх хэмжээний цээнд хүрсэн гэж үзэхэд болох болов уу.

 

 

Лувсанцэрэнгийн Энх-Амгалан 


За харин “М-Си-Эс” группын улстөр дэхь эрхэм төлөөлөгч энэ хүний хувьд Удирдах зөвлөлийн гишүүний суудал хол л байх байсан юм даа.


 

Даваажанцангийн Сарангэрэл 


Телевизийн эзэн, УИХ-ын гишүүн энэ хатагтай намын  шинэ бодлогыг хөрсөнд сайтар суулгаж, үр шимийг нь хүртээх үйлсэд гар нэгтгэхээр орж ирж. Гэсэн ч тэр бол улстөрчийн хувьд түүхий нэгэн гэдгийг хэлчихье.


 

Алмаликийн Тлейхан 


2008 оны УИХ-ын сонгуулиар  Монгол Улсын Их Хурлын гишүүн болж, 2012 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын алба хашиж байсан. 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулиар  Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдон  ажиллаж байгаа гэсэн улстөрчийн намтартай. Туршлага, орон зай сэлтээрээ том биш ч, үндэстний цөөнхийн төлөөлөл  талаасаа тэр болох юм.

 

Дамдины Цогтбаатар


 

Намын Генсекийн суудалд Сү-гийнхээ түлхээсээр  сууж болзошгүй гэгдэж байсан тэрээр УЗ-д орж иржээ. Ж.Мөнхбат энэ тэрийгээ бодвол харьцангуй тавьтиртай нэгэн гэж болох тэрээр намын бодлогыг зурагчдын нэгэн боллоо.

 

Пүрэвдоржийн Анужин  


“Эрүүл хооллолт”-ын гэх тодотголоо “Монгол тулгатны зуун эрхэм”-ийн хөтлөгч гэдгээр сольж танигдсан энэ бүсгүй намын УЗ-ийн гишүүн болох хэмжээнд бэлтгэгдсэн нэгэн биш гэдгийг хэлэх нь зөв болов уу. Хүн телевизээр гоё ярьдаг байж болно. Гэхдээ тэр нь ийм чухал суудалд суух үндэслэл нь мэдээж биш болов уу.

 

 

Санжаадоржийн Оюунбилэг 


 “Black Morgan” ХХК-д нягтлан бодогчоор 2001-2003, “Хаан Хүнс” ХХК-д нягтлан бодогчоор 2003-2005 он, “Хаан Бууз” сүлжээ рестораны ерөнхий менежерээр 2005-2007 он, “Хаан Бууз” сүлжээ рестораны ерөнхий захирлаар 2007-2009 он, “Май Грийт” ХХК-ийн ерөнхий захирлаар 2009-2012 оноос тус тус ажилласан. “Май Грийт” ХХК-ийн зөвлөхөөр 2012 оноос эхлэн ажиллаж байгаа тэрээр МАН-ын Хан-Уул дүүргийн НАМЭХ-ны дарга. Ингээд харахаар УЗ уг нь түүнээс их л хол байж дээ.

 

Цэндсүрэнгийн Сандуй


Нийслэлийн Газрын албанд төлбөрийн байцаагч, Ахлах мэргэжилтэн,  Хэлтсийн дарга, Дэд даргын албан тушаалуудыг хашиж байсан тэрээр Нийслэлийн Засаг даргын орлогч хийж байсан.  МАН-ын Бага хурлын гишүүн, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч гэх сонгуульт ажилтай тэрээр ийнхүү МАН-ын УЗ-д орж ирэв.

 

Дуламсүрэнгийн Оюунхорол

  

Намаа төлөөлөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухай яригдаж явсан Дуламсүрэнгийн Оюунхорол хууль тогтоогчийн хувиар хийж гавьсан юм үгүй ч, цөөнгүй жилийн туршлага ярин энэ хүртэл яваа. Гэхдээ түүн дээр авч ярьвал цаг хугацаа хэр зарцуулсандаа биш чадвар болоод бодит туршлага юу билээ гэдгийг нь харах ёстой болов уу.

 

Намхайн Төмөрхүү  


УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшээд унасан Намхайн Төмөрхүү МАН-ыг санхүүжүүлэгчдийн нэг. “Өндөр буянт” компанийн захирал тэрээр аймгийнхаа сумдын сургуулийн засварын тендерт ялснаар барилгын бизнесээ эхлүүлж байсан нэгэн. Түүнчлэн өнгөрсөн жилүүдэд  “Тендер” Төмөрхүү гэгдэх болтлоо тендерээр мөнгө хийж баяжсан нэгэн гэдгийг нь ч баримтууд илтгэдэг. 

 

 

Баатарын Амарсанаа


 МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд НАМОХ-ны Ерөнхийлөгчийн албатай тэрээр алдарт Т.Аятунгаагийн нөхөртэй холбоотой гэх шуугианд нэр холбогдоод байсан. Тодруулбал,  Т.Аятунгаагийн нөхөр Чарльз Эдвард нь УИХ-ын гишүүн О.Содбилэгтэй найз, НАМОХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаад их хэмжээний мөнгө бэлнээр гарган өгч байсан, Чарльз Эдвард нь НАМОХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаад дор хаяж гурван удаагийн шилжүүлгээр, зөвхөн нэг удаад 10.000-560.000 ам.долларыг бэлнээр өгсөн тухай мэдээлэл гарч байв. Харин  Б.Амарсанаа үгүйсгэж мэдээлэл хийж байсан удаатай.

  Б.Амарсанаа 1995-1997, 1999-2002 онуудад “Монинжбар” ХК-д даамал, инженер, төслийн менежер, ахлах төслийн удирдагч, ерөнхий инженер, 1998-1999 онд Дулааны 3-р цахилгаан станцад төслийн инженер, 2002 оноос “Н Эй Би” ХХК-ийн ерөнхий захиралаар ажилласан. 2010 оноос Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны ерөнхийлөгч, 2011 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн юм. 

 

Ноён Тоншуул 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.194.174) 2025 оны 03 сарын 13

avah yum yu ch algaa.ardchilsan nam mandtugai

1  |  0
zochin(103.26.194.153) 2025 оны 03 сарын 13

1O-n har mohliinhoo zamd garchdee Hichneen hurdan yavah tusmaa Uldej bui ard tumendee hiij bui buyan gedgiig sana

1  |  0
zochin(103.26.194.47) 2025 оны 03 сарын 13

1O-n har mohliinhoo zamd garchdee Hichneen hurdan yavah tusmaa Uldej bui ard tumendee hiij bui buyan gedgiig sana

1  |  0
очиртулга(202.179.20.164) 2025 оны 03 сарын 13

Нэгэнт нам өөрөө шийдёэн асуудлыг энэ сайт гоочлох нь илүүц асуудал шүү дээ зүгээр л урьдах ажлаа хийгээд явж байх ньзөв

1  |  0
hi(202.70.43.10) 2025 оны 03 сарын 13

bolj l bna hs tee. uy hiihiin ta nar haraach. daraa ni muulah heregtei dee

1  |  0
n(103.26.194.96) 2025 оны 03 сарын 13

amarsanaa, tomorxvv, sodbileg, anuujin... geel ed naraas bid nar iu hvleex veeee... huviin biznese tsetseglvvlj , ard tumnii mongoor bayajix gesen novshnuud yavdaa daanch....bi iim hvmvvst hezeech sanal ogoxgvi eeee

1  |  0
NMB(182.160.39.181) 2025 оны 03 сарын 13

Ene odoo yu ve? Uls torchid, Bukhchuud, Hutlugchid, Yaruu nairagch, Biznessiinhnii hamtarch baiguulsan Toriin bus baiguullaga uu? Ter Anujin gegch bas yuv dee yadaj bhad.

1  |  0
bi(202.170.68.162) 2025 оны 03 сарын 13

Ene nam dampuurchee huurhii. Daanch dee iim yumnuudiig UZ duu oruulahaar yah bolj baina... Yumnuud ch yu baihab tootoi 5,6 han hun l baij boloh busad ni arai ch dee....

1  |  0
zochin(119.40.100.146) 2025 оны 03 сарын 13

Amarsanaa gedeg gariin tuhai alga baina sh dee. Uuruu bichuulchihev uu?

1  |  0
Зочин(103.11.192.34) 2025 оны 03 сарын 13

Миний мэдэх хамгийн дампуу удирдах зөвлөл байна. Оюунхорол, Нямдорж хоёр орсон байхад яаж шинэчлэгдэх бэ?

1  |  0
Top