Тоншуул: Шүүхтэй тохиролцдог Цайз захын “толгой” ченжээр удирдуулсан бүлэглэлийг ЭЦГ-ынхан үйлдэл дээр нь барьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 13

Эрүүгийн цагдаагийнхан ан амьтны цуврал хэргийг илрүүлсэн тухай албан эх сурвалжийн мэдээлэл “Тоншуул” надад байна. Та бидний зэрэгцэн амьдарч буй энэ нийгэмд өнгө засч, сайжирч байгаа зүйл бий ч, засч залруулахын төлөө анхаарал тавихаас өөр аргагүй асуудал цөөнгүй бий гэдгийг би хэлдэг. Тиймээс ч тэр болгонд бурууд нүд хурц гэдгийн үлгэрээр хандаж, хурц хошуугаараа хатгахыг зөв гэж үздэг. Миний бие энэ удаагийн цувралаараа ан амьтны цуврал хэрэгтэй холбоотой асуудлыг хөндөж байгаа нь, энэ төрлийн гэмт хэргийг гэмтэй, хор хохиролтой талаас нь харах хандлага нийгэмд ч, төрийн бодлогод ч дутуу дулимаг байгааг тодруулах гэснийх юм. Ер нь бол энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг ч, илэрч, тодорч хууль шүүхийн байгууллагаар үнэн мөн нь шийдвэрлэгдэх хүртэл багагүй хугацааг авдагаас гадна хэрэг үйлдэгчид хөнгөхөн мултардаг гажуудсан жишиг тогтсон гэхэд болох юм. Ингээд Эрүүгийн цагдаагийнхны илрүүлээд байгаа хэргийн талаар хүргэе.

 

 

Толгой” ченж Б-гийн тэнсэн харгалзах ялын хугацаа дуусаагүй байжээ

 

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд энэ сарын 7-н болон 11-ний шөнө тус тус мөрдөн ажилласны үр дүнд Цайз захын “толгой” ченж гэх тодотголтой Б-г баривчилжээ. Гэхдээ энэ асуудал ганц Б-тэй холбоотой бус. Тэр бол Цайз зах дээр сүүлийн хэдэн жил нэн ховор, ховор амьтдын гаралтай түүхий эдийн зүйлсийг хулгайн анчид болон бага гарын ченжүүдээс худалдан авч хууль бусаар БНХАУ-д гарган борлуулах ажлыг идэвхтэй тогтмол явуулж байсан бүлэглэлийн толгойлогч нэгэн гэхэд болох юм байна. Өнгөрсөн жилүүдэд энэ төрлийн хууль бус гэмт үйлдлийг бүлэглэлийн хэмжээнд бусадтай  хүч хавсран хийж ирсэн Б гэгч нь хоёр дахь удаагаа баригдаж байгаа нь энэ аж. Түүнийг эхлээд өнгөрсөн оны 11 дүгээр  сард Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баавгайн доньд 1 ш, бугын чив 14 ш, бугын ясан эвэр 126 кг, тарваганы арьс 325 ш, 2 ш чоно зэрэг зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багийн А гэх айлынд хадгалж байсан, зарим зүйлсийг Замын-Үүд боомтоор хууль бусаар БНХАУ-д гаргасан үйлдлийг илрүүлж байжээ.

Түүнд холбогдох энэ хэргийг  Замын-Үүд сум дахь Цагдаагийн хэлтэст шалгаад, энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тус сумын  сум дундын шүүхээр орж 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгээд өнгөрсөн байдаг. Түүнийг ийнхүү хөнгөн шийтгэгдээд өнгөрсний ард хууль шүүхийнхэнтэй хийсэн тохироо байгаа гэх яриа гарсан ч, дарагдаад өнгөрч байж. Тэгэхээр энд хууль шүүхийн байгууллагынхан мөнгөний  өмнө бөхийдөг асуудал ч гарч ирж байна. Гол нь толгойг нь илээд шахуу явуулсан Б нь хориотой ан амьтны эд зүйлийг ахин худалдан авч хилээр гаргаж байгаа талаарх мэдээлэл Эрүүгийн цагдаагийн газарт дахиад л ирж. Ер нь бол тэнсэн ял авчихаад хийж дадсан гэмт үйлдлүүдээ хэд хэчнээн ч удаа хийсэн байхыг үгүйсгэх аргагүй байна.

 

Ямар ч байсан одоо мэдэгдэж байгаагаар Б нь тэнсэн харгалзах ялын хугацаа дуусаагүй байхад ховор, нэн ховор амьтдын гаралтай түүхий эдийг бусдаас худалдан авч байгаль орчинд 100 орчим сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг илрүүлсэн гэмт хэргийг ЭЦГ илрүүлээд байна. Тэрээр гэртээ их хэмжээний хориотой ан амьтны түүхий эд хадгалж байсан, энэ бизнесийн хамтрагч О-оор баавгайн сарвуу зэрэг зүйл хийсэн 2 том цүнхийг БНХАУ-ын Эрээн хот руу вагоноор тээвэрлүүлсэн хэргийг одоогоор илрүүлээд байгаа аж.


Тодотгоход, буга, баавгай зэрэг амьтад нь Засгийн газрын 2012.01.11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтанд орсон байна. 1989 оны ШУА-ийн судалгаагаар манай улсад 250 орчим хүрэн баавгай байна гэсэн статистик тоо байдаг бөгөөд уул хангай, говь, тал хээрийн чимэг, харах нүдний баясгалан болсон ан амьтдаа хайрлах ёстой атал ухамсар дорой энэ мэт иргэдийн завхарсан үйлдэл болоод төрийн бодлого оновчтой биш байгаагийн харгайгаар ийнхүү Монгол Улс ховор ан амьтангүй улс болж хоцрох нь. Эдгээр ан амьтдын байгаль экологи дахь үр ашгийн талаар энд өгүүлэх нь бараг илүүц биз ээ. Манайх шиг ингэж хамгаалж, хайрлах ёстой зүйлсээ дэвсэлдэг улс орон олон биш ээ. Бид энэ талаарх бодлогоо тодорхой болгохын тулд бусдаас хуулахгүй ч гэсэн, тэдний хандлагыг бас харахад гэмгүй биз. Тухайлбал, манай өмнөд хөрш БНХАУ чанга хуультай гэдгээрээ угаасаа алдартай.

 

Ямартаа л  ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрт байрлах Хянганы нуруунд амьдардаг нэн ховор амьтан 48-ыг алж 2 ширхэг цамц хийн БНСУ руу хууль бусаар гаргахыг завдсан гэмт этгээдийг 2010 онд баривчилж цаазаар авах ялаар шийтгэсэн байдаг. Харин манай “Эрүүгийн хууль”-д зааснаар нэн ховор амьтныг төрлөөр устгаж байгалийн тэнцэл алдагдуулж улсыг хохироосон ч дээд тал нь 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг. Түүнчлэн Б нарын олон этгээдүүд хуулийн хөнгөн зүйл заалтуудыг ашиглан болон нэн ховор ан амьтны эд эрхтэнг дотооддоо болон хил давуулан наймаалцаж их ашиг олсоор байна. Гэсэн ч тэдэнтэй дорвитойхон хариуцлага тооцох асуудал хуулийн хүрээнд хумигдмал байгаагийн дээр хууль шүүхийн байгууллагын зарим ухамсар дорой ажилтнуудад байхгүй байгаа нь харамсалтай. Уг нь өнгөрсөн онд УМБГ болон Эрүүгийн цагдаагийн газар хамтран хууль бус ангийн эд эрхтэн хадгалж байсан, хил давуулахаар бэлтгэж байсан 70 гаруй иргэнийг саатуулж, 30 гаруйг нь хууль бус ангийн хэрэгт холбогдуулан шалгасан байдаг ч, гэмт үйлдэлдээ тохирсон ял шийтгэлийг хүлээсэн этгээдийг олоход хэцүү байна.

За ямартай ч ЭЦГ-аас илрүүлээд байгаа энэ хэргийн хувь заяа хэрхэх вэ гэдэг асуулт мэдээж гарч ирж байна. Нэг хэсэг нь мөрдөж, шалгаад, илрүүлдэг. Харин нөгөө хэсэг нь толгойг нь илээд өнгөрөөдөг баларсан жишиг байж болохгүй гэж “Тоншуул” би үзэж байна. Энэ хэргийн талаар үргэлжлүүлэн хүргэх болно.

 

Ноён Тоншуул

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.70.42.186) 2025 оны 03 сарын 13

хил дамнасан хулгайчид битхий хэл модны хулгайчид хүртэл цагдаа хуулийнхантай сүлжээ үүсгэн орлогоо хуваагаад олон жил болж байгаа юм бишүү

1  |  0
Зочин(202.70.42.186) 2025 оны 03 сарын 13

хил дамнасан хулгайчид битхий хэл модны хулгайчид хүртэл цагдаа хуулийнхантай сүлжээ үүсгэн орлогоо хуваагаад олон жил болж байгаа юм бишүү

1  |  0
зочин(103.26.194.58) 2025 оны 03 сарын 13

цааазаар авах хэрэгтэй Эх орны одоо баирээдүйн өмнө үйлдэж буй маш муухай гэмт хэрэг Эх орныхоо хуулийг хууль гэж үздэггүй ийм муухай хүн хэзээ ч засрахгүй Бидний сайнсайхан гэж үздэг үнэт зүйлүүд рүү эдгээр гэмт хэрэгтнүүд зүгээр нулимж байна шүү дээ

1  |  0
Top