Тоншуул: Бүхэл бүтэн хүн шороонд булагдчихаад байхад “Цаст Констракшн” цэвэрхэн үлдэх үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 14

Авто зам, барилга угсралтын чиглэлээр арван жил үйл ажиллагаа явуулж байгаа “Цаст Констракшн” ХХК-ийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой баримтууд олон. Хаа дуртай газраа очоод хууль бусаар барилга барьчихдаг энэ компанид тендерийг гартаа оруулахад асуудал бэрхшээл гэж үгүй юм байна гэдэг нь өнгөрсөн жилүүдэд тодорхой болсныг “Тоншуул” би харж байна.   Улайм цайм хууль зөрчсөн байтал нь өнөөх хяналт тавих учиртай төрийн байгууллагууд нь нүд чих нь боолттой юм шиг “Цаст”-ын өмнө мэхийдэг нь тун хачирхалтай. Гэхдээ тэдний өмнө бөхийлөө гэхэд дэндүү болчимгүй асуудал байгааг хэлье. Учир нь тус компанийн хариуцлагатай шууд холбогдох ослын улмаас бүхэл бүтэн эрдэнэт хүний амь үрэгдэж, шороонд булагдчихаад байхад “Цаст”-ынхан үүнийг ор үндэсгүй мэдээлэл гэх тайлбар тавиад сууж байгаа нь нийтийн анхаарлын гадна үлдэх учиргүй юм. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн VII  хороо, хуучин "Номин хапермаркет"  байсан газар “Номин зэрэглээ" компанийн захиалгаар "Цаст Констракшн16 давхар барилга барихаар хашаа хатгасан байсныг тэр хавиар өнгөрсөн олон хүн харсан нь дамжиггүй. Тэгвэл өнгөрөгч сарын 4-ний өдөр тэр хашаан дотор барилгын ажил гүйцэтгэж байсан хоёр залуу осолд орж, 31 настай Б гэх залуу амиа алдсан байгаа юм. Эх сурвалжийн хэлж буйгаар барилгын карказ төмөр нурж, осол гарсны улмаас хүний амь эрсэджээ. Бас албаны гэх тодотголтой мэдээллээр  зургаан метр өндөр багана төмрөөс иргэн Б унаж амиа алдсан гэх мэдээлэл ч хэвлэлээр гарсныг дурдах нь зөв биз.

 

 Тэгэхээр ослын шалтгаан нь карказ төмөр нурсантай холбоотой юу, эсвэл барилгын ажилтан өндөр баганаас унасан уу гэдгийг хуулийн байгууллагынхан эцэслэн тогтоох учиртай. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст иргэн Б-гийн амиа алдсан хэрэгт холбогдуулан, хөдөлмөр, аюулгүй байдлын нөхцлийг хангаагүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа учраас ослын шалтгааныг үнэн мөнөөр нь тогтоох болов уу гэсэн найдлага байна. Гэхдээ найдлага гэдгийг тодотгоё. Учир нь “Цаст Констракшн” ХХК-ийн хувьд хуулиас давж гишгиж ирсэн олон баримт бий гэдгийг эхэнд өгүүлсэн.

 

Түүнчлэн энэ осолтой холбоотойгоор ч “Цаст Констракшн” ХХК-ийн тухайд уснаас хуурай гарчих санаархал байгаа нь ажиглагдаж буй. Учир нь ийм осол гарсны дараа "Цаст констракшн" барилгын ажил гүйцэтгэгдэж байсан газрын хашаан дээрх өөрсдийн танилцуулга самбараа буулгаад зогсохгүй,  “манай ямар ч ажилтан осолд өртөж, амь насаа алдаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэх мэдэгдлийг хэвлэл мэдээлэлтэй харилцах албанаас нь хийсэн зэргээс үзэхэд тэд энэ ослыг өөрсдөөсөө зайлуулахаар оролдож байгаа нь эрхбиш ойлгогдож байгаа юм. Уг нь өөрсдийнөхө үйл ажиллагааг өөрсдөө өндрөөр үнэлдэг, “Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй, олон улсын чанар стандартад нийцсэн тоног төхөөрөмж, материал, технологийг бүтээн босголтын ажилдаа цаг алдалгүй нэвтрүүлэн  ажиллаж богино хугацаанд салбартаа  бүрэн танигдсан” гэж өөрсдийгөө магтдаг энэ компани ийм луйварчин хандлагаар ийм асуудалд хандах нь дэндүү зохисгүй баймаар.

 

Ослын улмаас амиа алдсан талийгаач Б нь “Цаст Констракшн” ХХК-ийн албан ёсны ажилтан бус, тус компанийн туслан гүйцэтгэгчид хөлсөөр ажиллаж байсан хүн байлаа гэхэд барилгын ажлыг гүйцэтгэгч үндсэн компани “Цаст Констракшн” өөрөөсөө хэргийг зайлуулах учиргүй. Тэд тэр хүнийг манай ажилтан биш байсан  гээд хэлчихдэг юмаа гэхэд хууль хяналтынхан нь шалгасан шиг шалгаад хариуцлага алдсан субьектүүдээс ял асуух нь зохистой.

 

Ер нь “Цаст Констракшн” ХХК-тай холбоотой хуулиас гадуурх үйлдлүүдийнх нь талаарх баримтуудыг харж байхад, тэдний хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотойгоор дахин эрдэнэт хүний амь нас сүйдэхгүйн баталгаа алга байна. Учир нь,  “Цаст констракшн” компани Баянгол дүүргийн 22 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчийн тендерийг авчихаад барилга угсралтын гүйцэтгэлийн ажлыг нь өөрсдөө биш тусгай зөвшөөрлийн хугацаа нь  дууссан компаниар хийлгүүлсэн байдаг. Мөн барилга угсралтын тусгай зөвшөөрөл нь дууссан “Хасу цамхаг” компаниар ч бусад барилгуудын өрлөгийн ажлыг гүйцэтгүүлж байжээ.

 

Гол нь “Цаст Констракшн” ХХК-ийн энэ үйлдэл нь Барилгын тухай хуулийн 16.8 дахь “Сонгон шалгаруулалтад орж барилгын ажлын гүйцэтгэгчийн эрх авсан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барилга байгууламжийн үндсэн ажлыг бие даан гүйцэтгэнэ” гэсэн, 16.9 дэх “Үндсэн хийцийн ажилд суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, ханын өрлөг орно” заалтуудыг тус тус зөрчсөн байгаа ч, “Цаст Констракшн” ХХК-д хууль үйлчилдэггүй жишгээр өнөөдрийг хүрчээ. Өнгөрсөн жилүүдэд ус компани олон арван тендерийг гартаа оруулчихаад, ийм маягаар хууль зөрчсөн байгаа юм.

 

Гэтэл өөрсдийнхөө талаар албан мэдээлэл өгөхдөө “Бүтээн босголтын ажилдаа Монгол Улсын зөвлөх инженерүүдийг тогтмол ажиллуулж, инженерүүдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн, хамтын ажиллагааны хүрээндээ гадаад, дотоодын их дээд сургуулиудыг амжилттай төгсөгчдийг оюутны шэрээнээс нь ажлын талбар дээр хүлээн авч, мэргэшсэн боловсон хүчнийг бэлдэж байна.Компанийхаа менежментийг дэлхийн жишигт нийцүүлэхээр ЕСБХБанктай хамтран “ТАМ”, “BAS” зэрэг шат дараалласан хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.” гэхчлэн дандаа магтаалын үгс урсгаж байдаг нь харамсалтай.

 

Барилгын салбарт луйвраар тодорсон “Цаст Констракшн” ХХК-д холбогдох олон хэргийг, тэрдундаа хүн амины хэрэгтэй холбоотой асуудлыг хуулийнхан үнэн мөнөөр нь тогтоох учиртайг “Тоншуул” би сануулан хэлэхэд илүүц болохгүй биз.

 

Ноён Тоншуул

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu