Ая зохиогч Б.Ангирмаа: Хэзээ нэгэн цагт хүнтэй хуримлаж хүүхэд төрүүлэхийг үгүйсгэх аргагүй

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 19

Сэтгэлээсээ хандсан, сэтгэлээсээ хийсэн бүхэн сайхан байдаг. Яг түүн шиг чин сэтгэлээс ундран гарсан яриа хүртэл сайхан”. Энэ үгэндээ би дуртай. Хэн нэгэн хүний дотроо хадгалж, нандигнан явдаг сэтгэлийн утсыг эгшиглүүлэн хайр, учрал, дурсамж, айсуй мөрөөдлийг нь хуваалцана гэдэг амаргүй даваа. Гэсэн ч итгэл гэгч асар хүнд ачааг нуруунд минь үүрүүлэн чин сэтгэлээ уудлан ярилцсан хүмүүсийн маань нэг ая зохиогч, дуучин, продюссор гээд урлагийн “Универсалный” боловсон хүчнүүдийн нэг болсон Балчинжавын  Ангирмаа эгч. 10-аад жилийн өмнө  “Намайг Ангирмаа гэдэг...” хэмээн дуулж байсан халимаг үстэй, нүдээрээ инээсэн дуучин өдгөө ч яг л тэр хэвээрээ. Харин миний төсөөллөөс нэг л зүйл өөр байсан нь “Төмөр хатагтай” гэх нэр нь. Ямар ч байсан тэр “Төмөр хатагтай” биш юм. Илэн далангүй, шууд шулуухан ярианд нь өөрийгөө гоёчлох гэсэн чимэг зүүлт ч алга. Эгэл, энгийн юм шиг хэр нь цаанаа л эрхэмсэг сэтгэгдэл төрүүлсэн “Төмөр хатагтай”-н дотоод ертөнцийг бага ч атугай нээсэндээ баяртай байна.  

 

-Энэ жил урт намар болж, ургац ч арвин байгаа баяртай мэдээ Монголчуудыг баярлуулж байна. Харин таны хувьд уран бүтээлийн ургац хэр арвин байна?

-Дуулахад бэлэн болсон хэд хэдэн дуу бий. Гэхдээ бүтээл бий болсон хугацаа нь хоорондоо адилгүй. Зарим нь маш богино хугацаанд “төрсөн” бол зарим нь нэлээд хугацааны дараа “өлгийдүүлсэн” байна. Ер нь сүүлийн үед маш залхуу болчихжээ. Аль болох дөлөөд л, шинэ уран бүтээл дээр суухгүйг бодох болчихож. Энэ нь олон хүчин зүйлээс хамаардаг юм байна. Наад зах нэг уран бүтээлч дууны үг, аяыг өөрөө зохиогоод ийм бүтээлээ ойр ойрхон хийгээд байхаар шүлэг нь өөр өөр боловч аялгуу нь адилхан шахам болоод байдаг сөрөг талтай юм. Үүнээс гадна аль болох амрахыг хичээдэг болж.

-Таныг зарчимч “Төмөр хатагтай” гэдэг шүү дээ. Өөртөө “Уран бүтээлээ таслаж болохгүй хий” гэдэг шаардлага тавихгүй байна уу. Энэ зарчим ялангуяа “Киви” хамтлагт их тавигддаг байсан байх?

-Гэхдээ энэ нь цаг хугацааны л асуудал шүү дээ. Энэ чигээрээ уран бүтээлээсээ хөндийрч байгаа гэсэн үг биш. “Хийе” гээд суувал хийнэ л дээ.  “Киви” хамтлагийнханд тавьдаг байсан шаардлагын тухайд өөр. Дөнгөж шинээр гарч ирж байгаа хамтлаг хөдөлмөрлөхгүйгээр урлагийн босгыг алхана гэж байхгүй. Урлагт арын хаалга байдаггүй. Тэнд маш их амбиц, өрсөлдөөн болж байхад өглөөний цай уудаг шигээ бодож аливаа асуудлыг хойш тавьж болохгүй шүү дээ. Тийм учраас ажилдаа хариуцлагатай хандах, ажлын цаг нар баримталж ажиллах, хүнд худлаа хэлэхгүй, аливаа зүйлд чин сэтгэлээ  хандаж хийх, урлаг гэдэг зүйлийг маш сайн ойлгох гэхчилэнгээр хатуу шаардлага бол тавьдаг байсан. Ямар нэгэн тоглолт хийлээ гэхэд би өөрөө гүйж бүх ажлаа амжуулдаг. Реклам сурталчилгаа ч гэсэн ялгаагүй. Өөрөө л явна. Хүн явуулчихаар нэг л дутуу хийсэн юм шиг  санагдаад байдаг. Заримдаа миний тавьсан шаардлагыг хангаагүй болон хариуцлагагүй хандсан тохиолдолд уурладаг байсан. Ийм үед намайг харсан хүмүүс Ангирмаа ууртай, ааштай, хатуу гээд бодчихдог байх. Гэхдээ би ”Төмөр хатагтай” нэрэндээ дуртай. Өнөө өглөөхөн  “Төмөр хатагтай Маргарет Тетчер”-ийн тухай сайхан нэвтрүүлэг үзсэн шүү /инээв/ . Намайг танихгүй хүмүүс анх уулзаад ажил хэрэг ярихдаа их цэрвэж, дөлсөн байдалтай байдаг. Харин хоёр дахь уулзалтаасаа дурлачихдаг” юм /инээв/.

-Киви”-гийн гэрээнд “Жирэмсэлж болохгүй” гэсэн заалт байсан нь арай хатуу биш үү?

-2004-өөс 2007 он хүртэлх гурван жил хамтран ажиллах гэрээ маш сайн гэрээ байсан шүү. “Сурч боловсорч болно. Үүнийг хориглохгүй. Харин жирэмсэлж болохгүй” гэсэн заалт байсан. Гэхдээ ийм заалт байлаа гээд манай гурван охин алдаагүй. Харин ч одоо бол бүх зүйл ok болж, тодорхой хэмжээний амжилт гаргасан учраас дээрх заалт эсрэгээрээ болсон. Тодорхой хэлбэл би одоо гурван охиноо “Та гурав сураад өгөөч, хүүхэд төрүүлээч” гээд л гуйх шахам болж байна.

-Урлаг гэх их айлын босго өндөр дээрээс нь тайзанд арын хаалга байдаггүй, бүх зүйл олны нүдэн дээр болдогоороо хатуу гэгддэг. Тиймдээ ч хатуу шаардлага, чанга дэглэмийг даван туулж чадсан нь шалгарч тайзан дээрээ үлддэг байх. Тэгэхээр яалт ч үгүй багшийн шаардлага хэрэгтэй. Харин урлагаас хөндий байх үедээ буюу амьдрал дээр Та тийм хатуу биш биз дээ?

-Адилхан байх тал бий. Гэхдээ цаг ямагт хөмсөгөө зангидаад байдаггүй. Тодорхой хүчин зүйл нөлөөлсөн үед буюу хэн нэгэн нь намайг хуурах, худлаа ярих, гомдоох, ар хударгаар муулах гээд л хүний амьдралд тохиож буй саар зүйлүүдийн хажуугаар инээгээд өнгөрч чаддаггүй. Заавал хэлж байж санаа амарна. Хэлэх хэлэхдээ хатуу үгээр хэлдэг. Тиймээс намайг хүмүүс их хурц үгтэй, хатуу ширүүн ааштай гэдэг. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэгчээр хүн л намайг уурлуулахгүй бол зүгээр байж байгаад уурлана гэж юу байхав. За тэгээд бусад үед бол сайхан даа сайхан. Инээгээд л сууж байна шүү дээ.

-Урлагийн хүний сэтгэл санааны байдал уран бүтээлд нь тусаад байдаг. Таны тухайд сэтгэл хөдөлсөн үед бүтээл төрнө биз?

-Янз бүр. Тухайн үеийн сэтгэл санаанаас их шалтгаалдаг. Бороо орсон гунигтай өдөр илүү уянгалаг гэгэлзсэн аялгуу “буудаг” бол, сэтгэл сэргэм сайхан мэдээлэл сонсож хөөрч догдолсон үед хөөрхөн цоглог дуу зохиочихдог. Тухайн үеийн нөхцөл байдалтай дүйж өөрийгөө хөглөдөг.

-Уран бүтээлч хүмүүс төрүүлж өсгөсөн аав, ээждээ зориулж бүтээл туурвисан байдаг. Таны “Хатуужилт ижий” хүмүүст их хүрсэн шүү?

-1997 онд миний ээж хорт хавдраар өөд болсон. Энэ гунигт явдлын дараа би ижийнхээ дурсгалд зориулж дуу бичсэн нь “Хатуужилт ижий”. Тухайн үед хүмүүст их хүрсэн юм билээ. Миний хувьд өөрөө өөртөө хэлсэн дотоод сэтгэл маань. Гэтэл хүмүүст их хүрч, ялангуяа ээжийгээ алдсан хүмүүс их аялдаг болсон байсан. Харин аавын тухай дууг манай Б.Долгион ах зохиосон байдаг. “Архангай аавын минь нутаг” гээд дуу бий. Үгийг нь н.Дэмбэрэл, аяыг нь Долгион ах зохиосон юм.

-Таныг Б.Долгион ах урлаг, уран сайхан руу уруу нь татав уу аль эвсэл өөрийн авъяас билигтээ хөтлөгдөв үү?

-Манай гэр бүл нөлөөлсөн дөө. Манайхан бүгд урлагт элэгтэй хүмүүс. Аав маань уртын дуу дуулахаас гадна төгөлдөр хуур тоглодог хүн байлаа. Харин ээж маань уран зурагт дуртай, уран зураг цуглуулдаг гайхамшигтай нарийн мэдрэмжтэй эмэгтэй байсан юм. Хүмүүс торгон мэдрэмж гэж ярьдаг даа. Яг л тийм мэдрэмжтэй хүн. Тухайн үед Б.Долгион ах “Инээмсэглэл” хамтлагт гээд л манай гэр бүлийнхэн бүгд урлагаар “Амьсгалдаг” байсан нь надад их нөлөөлсөн. Мөн дээрээс нь өөрийн  хүчин зүтгэл их нөлөөлдөг юм билээ. Бие дааж хөгжим тоглож сурлаа, аялгуу бичиж сурлаа, шүлгээ хүртэл өөрөө бичдэг болж байсан юм. Тухайн үед би 10 дугаар ангийн сурагч байлаа. Эхлээд төгөлдөр хуур дээр гар тавьж сураад, дараа нь ая тоглож сурсан. Үүний дараа ая бичдэг болоод түүн дээрээ шүлэг бичдэг болсон гэх зэргээр дээшээ шат ахиад л байлаа. Сүүлдээ өөрөө дуулах гэж оролддог болсон.

-Уртын дуу хүнд гүн сэтгэгдэл төрүүлдэг шүү дээ. Уртын дуунд тийм ойрхон өсчихөөд яагаад рок поп руу орчихов?

-Аав маань уртыг дуугаа байнга дуулаад байдаггүй их ховор дуулдаг байсан. Жилдээ нэг удаа юм уу, аль эсвэл дуулахаас аргагүй чухал үед дуулна. Харин орос дуунуудыг их гоё дуулдаг байлаа. Тэр нь надад их нөлөөлсөн байх. Манайх 1967-1968 онд гэр бүлээрээ Москвад байсан.

-Уран бүтээлч хүмүүс дээш мацах тусмаа том мөрөөдөлтэй болдог юм шиг санагддаг. Таны хувьд төлөвлөсөн зүйл бий байх?

-Ойрын үеийн төлөвлөгөө гэвэл уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх бодолтой байна. Найз нөхөд маань шахаад байх юм. Нэгэнт найз нөхөд гээд нөхөрлөж байгаа хүмүүс чинь бие биенийгээ дэмжих, заримдаа бахархаж омогших сэтгэл төрдөг юм байна. Миний хийсэн нийт 100 гаруй дуу байна. Үүнээс хүн болгоны аялчихдаг, хит болсон 30-аад дуу байгаа учраас тоглолтоо хийхэд хангалттай гээд байгаа. Харин хэтийн төлөвлөгөө гэхээсээ илүүтэй багцаалж байгаа том зүйл байгаа нь сургууль байгуулах асуудал байна. Би чинь ажлын “мал” шүү дээ. Гал тогооны эмэгтэй огт биш. Ажил л хийдэг. Нэг үгээр хэлбэл ажиллах гэж л амьдардаг хүн. Тиймээс ажиллах төлөвлөгөөгөө л бодож байна. Ер нь миний мөрөөдөж бодож байсан зүйл биелдэг шүү.

-Кивиг байгуулах нь таны мөрөөдөл байв уу?

-“Киви” гэдэг хамтлаг байгуулна даа гэж бодож байсан. Гэтэл өнөөдөр биелчихсэн, тодорхой хэмжээгээр амжилт олчихсон, 9 жилийн ойгоо хийх гээд явж байна шүү дээ. Миний ажил өөдрөг бүтэмжтэй байдаг.


-Ажил өөдрөг бүтэмжтэй байна гэдэг бол монголчуудын ярьдагаар “Нүүрийн буян”-ых байх. Анх “Киви” хамтлагийг байгуулагдаж гишүүд нь гарч ирэхэд Ука их содон байсан. Ийм төрхтэй охиныг яаж олж авсан юм бол доо гэх сэтгэгдэл төрж байлаа. Намуунаагийн тухайд мэдээж өвөө нь мундаг хүн, урлагт хөтөлсөн байх?

-Ука, дуучин Дашдондогийн гэргий Нараагийн танил байсан юм билээ. Намайг “Nature sound"’-д багшилж байхад Нараа нэг дуулах сонирхолтой охин дагуулж ирсэн нь Ука байсан. Тэгээд л сургалтандаа явж төгсөөд дараа нь “Киви” хамтлагт орж байсан түүхтэй.

-“Сэтгэл догдлуулсан орой”, “Итгэл өгөөч наддаа” зэрэг дуунууд эзэнтэй байх тийм үү. Анхны хайртдаа хаягласан дуу бий юу?

-Надад эзэнтэй дуу олон байгаа шүү. Анхны хайр байлгүй дээ.  “Сэтгэл догдлуулсан орой”-гоос эхлээд “Итгэл өгөөч наддаа”, “Чиний харцанд” гээд л энэ дуунууд чинь бүгд эзэнтэй  дуу. Ор хоосон зүйлийг бий болгоод, гитараа балбаад зохиосон юм биш шүү дээ.

-Сүүлийн үед эзэнтэй дуу “мэндэлсэн” үү?

-Гаргасаан. Гэхдээ дуулагдаагүй байгаа.

-Эзнийг нь ч гэсэн “Сүүлийн үеийн” хүн гэж ойлгож болох уу?

-/Инээв/ Тийм ээ, “Сүүлийн үеийн хүн”.

-Нөхөртэй болсон уу?

-Нөхөртэй болоогүй ээ.

-Б.Ангирмаа хэнтэй суух бол гэсэн хүлээлт олны анхаарлын төвд байдаг. Яагаад гэвэл та олон жил ганцаараа явлаа шүү дээ?

-Олны анхаарлын төвд байдаггүй болоод л нөхөртэй болоогүй байхгүй юу.  Анхаарлын төвд байсан бол аль хэдийнээ нөхөртэй болчихсон байх шүү.

-Нүд үнэнч, чих худалч гэдэг үг бий. Нүдээрээ хараагүй, чихээрээ сонссон нэг зүйл. Тиймээс үнэн ч байж болох, худал ч байж болох асуулт гэсэн үг. Гэхдээ л “Худал” гэж хэлүүлэхийг хүсэхгүй байна. Танд 10 хэдэн жил болзож байгаа залуу байдаг гэсэн?

-Миний амьдрал бол миний л амьдрал шүү дээ. Хүн болгон хувийн амьдралаа бусдад дэлгэсэн ном шиг уншуулж, аль эсвэл албан дээрээ тавьсан юм шиг харагдуулахыг хүсдэггүй байх. Би ч гэсэн тэдний л нэг. Би урлаг гэдэг агуу том ертөнцөд хөл тавьсан цагаасаа эхлээд л ажиллахын төлөө амьдарч, өөрөө бүхнийг бүтээгч мэт байж ирсэн. 13 жилийн турш уулзаж байгаа хүн бий. Тэр хүн миний хувийн амьдралд оролцоод байдаггүй. Чиний л сонголт, чиний л асуудал...гэдэг байр сууринаас хандаж ирсэн. Энэ нь ч гэсэн надад амар байдаг юм. Мэдээж “Эр хүн өөрөө мэд” гэж байна гээд хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийнэ гэж байхгүй л дээ.

-Үнэнийг хэлсэнд баярлалаа. Таныг үгүй гэх вий л гэж бодож байлаа. Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Саяхан уулзсан.

-Гар бариад бугуй барина гэгч л болох нь. Хэзээ ч билээ дээ дүүмэд залуугийн тухай мэдээлэл уншиж байсан санагдана?

-Надаас олон дүү залуу байсан.

-Хайр байв уу, дурлал байв уу?

-Хайр ч арай биш байхаа, дурлал  байсан болов уу.

-Одоо харьцаатай байдаг уу?

-Бүр тасарсан. Лав 3-4 жил болчихож.

-Хэзээ ч юм нэгэн цагт тэр хүн уулзая гэвэл яах бол?

-Тэр хүн үгүй гэхгүй гэдгийг нь мэдэж байна. Би харин яахаа сайн мэдэхгүй

-Хүүхэд төрүүлнэ, гэр бүлтэй болно гэдэг нэг талаар хорвоогийн жам юм. Нөгөө талаар монгол ёс заншилтай ч холбоотой. Хүнтэй сууж, хүүхэд төрүүлэх талаар бодож байгаа байх?

-Өдий насны эмэгтэй хүн хүнтэй сууна гэх нь нэг талаар өрөөсгөл ойлголт. Харин хамтран амьдрах тухай асуудал байж болох юм. “Энэ миний эхнэр”, “Энэ миний нөхөр” гэх үгэнд дургүй. Тэгээд л хүүхэд цувуулаад л... Миний багын найз Германд амьдарч байгаа. 10 дугаар ангид байхаасаа эхлээд л нөхөртэйгээ нэг гэрт орсон. Гэхдээ нөхрөө boyfriend  гэдэг. Харин өөрөө бол girlfriend нь. Тэд одоо болтол хүүхэдгүй. Бас санхүү нь тусдаа, хоёр тийшээ аялалд явдаг гээд эрх чөлөөтэй хамтран амьдрагч нар. Тийм байж болдоггүй юм уу. Заавал хүнтэй сууж, хүүхэд гаргаад л. Санхүү эдийн засаг нь нэг түрийвч. Хэцүү биш гэж үү.

-Заавал олон хүүхэд төрүүлэх албагүй шүү дээ?

-Нэг хүүхдийн тухайд төрүүлж магадгүй байх аа. Гэхдээ би нэг хүүхэд гаргахаар байсан бол надад аль хэдий төрүүлэх боломж байсан. Манай монгол эмэгтэйчүүдэд нийтлэг нэг  бодол байдаг юм шиг байгаа юм. Юу вэ гэхээр “Бушуухан хүнтэй сууж хүүхэд гаргах юмсан” гэсэн бодлыг нийгэм нь суулгаад өгчихсөн юм шиг санагддаг. Харин миний тухайд ерөөсөө тийм бодол төрдөггүй.

-Б.Долгион ахыг харахаар их төв,  добрый хүн харагддаг. Нас чинь явчихлаа, хүнтэй суугаач ээ гэж зөвлөхгүй байна уу?

-Үгүй ээ. Манай гэр бүлийнхэн нэг нэгнийхээ хувийн асуудалд оролцдоггүй. Долгион ах бид 2 таараад юу ярьдаг вэ гэвэл “Хүүе чи тэрний дууг сонсов уу, Тийм шинэ дуу гарсан байна лээ, тэр их хөөрхөн дуу, энэ клип их гоё” гээд л уран бүтээл л ярьдаг.

-Хуримын даашинз хүүхнүүдийн мөрөөдөл биш гэж үү?

-Хурим уу?

-Тийм ээ хурим?

-Ер нь бодож байгаагүй юм байна. Гэхдээ урлагийнхан сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс байдаг учраас тухайн үед сэтгэл хөдлөөд “Хоёулаа хурим хийх үү” энэ тэр гээд хөөрсөн үедээ хурим хийж ч магадгүй шүү.

-Ангирмаа эгч анх гарч ирэхдээ л халимаг үстэй, яг л энэ төрхөөрөө байсан. Өөрчлөгдөөгүй, өтлөөгүй, үрчээ ч байхгүй яг хэвээрээ байна шүү?

-Хөгшрөлтийг зогсоочихсон юм/ инээв/. Миний арьсны онцлог байхаа. Одоо болтол нэг ч үрчлээгүй, бас элдэв юм гардаггүй. Нэг л янзаараа байдаг.  Савандаж угаагаад тос түрхээд л болдог. Нэг их арчилгаа ч шаарддаггүй юм. Нэг удаа бид америкт тоглож байсан. Гэтэл тэнд миний үеийн хүүхнүүд байна аа. Тэд нар хэлэхдээ “Биднийг монголоос явахад л ийм байсан. Яг л хэвээрээ л байх юм . Ямар нууц жор байна” гээд л шаалгааж эхэлсэн. Хүүхнүүд л болсон хойно яадаг билээ дээ. Тэгээд би тэднээс “Та нар монголоос гараад хэдэн жил болж байгаа вэ” гэсэн чинь 14 жил болж байна гэсэн шүү.

-Удмынх байж магадгүй юм. Аав ээжийнхээ тухай сайхан дурсамж хуваалцаач?

-Аав минь байсан бол гэж бодогдох үе бий. Одоо аавын маань шүүмжлэл надад их дутагдаж байгаа. Аавын шүүмжлэл шинэ санаа байдгаас гадна хүүхдүүдээ хурцлах гэсэн санаа илүү их байдаг байсан. Аав маань сэтгүүлч, орчуулагч, яруу найрагч, лектор хүн байлаа. Хуучнаар бол ДСНК одоогоор РЦНК-гийн дарга байсан хүн шүү дээ. Ээжийн тухайд Ой модны АҮЯаманд боловсон хүчин байсан. Тэтгэвэртээ гараад “Мандухай сэцэн хатан” киноны хувцас хэрэглэл дээр ажиллаж байсан. Юм нэхдэг, уран зураг цуглуулдаг, юм оёдог, мэдрэмжтэй сайхан хүн байсан. Тийм хүмүүс чинь хувь заяагаар холбогддог юм байна.

-Урлагийн мэдрэмжтэй танай гэр бүл таны уран бүтээлийг нарийн шүүлтүүрээр шүүж, алдаа оноог нь харамгүй хэлж өгдөг байсан байх?

-Энэ сайн уран бүтээл , энэ муу дуу гэж шүүдэг. Маш нарийн шүүлтүүрээр гарч ирсэн дуу мэдээж сайн уран бүтээл болно шүү дээ. Ээж маань хорт хавдраар өвдөөд гэртээ удаан хэвтсэн. Бид чадах чинээгээрээ ээжийгээ асарч тойлж байсандаа. Жилийн дараа аав маань бурхан болсон. Тэрнээс хойш удалгүй би гэрээсээ бие даан амьдрах гэдгийг үзүүлсэн дээ. Байр түрээслээд, найз нөхдийнхөө дэмжлэгээр “68 он” CD-гээ бичүүлж байлаа. Энэ CD-нд орсон дуунд миний аав ээж, амьдралын маань баяр гуниг хайр гээд бүх л зүйл шингэсэн дээ.  

-“Намайг Ангирмаа гэдэг” гэдэг дуунд тань хэр шүүмжлэлтэй хандаж байв?

-“Намайг Ангирмаа гэдэг” гэдэг дууг хийхэд аав маань надад маш их шүүмжлэлтэй хандсан. “Өөрийгөө магтан дуулаад, чи яах гэж ийм дуу зохиосон юм” гээд зэмлэнгүй байсан. Хожим хойно нь “Би охиныгоо ойлгодоггүй байж дээ. Охин маань нийгэм өөр болоод байгааг,  мөн орон зайгаа эзэлчихсэн хэвшмэл үг аялгууг өөрчлөхийг оролдож байсан байна” гэж билээ. Одоо бодоход тэр дуугаа арай эрт хийчихэж. Тухайн үед шүүмжилдэг байсан ч тэр хэлбэр одоо л хүчээ авч байна шүү дээ.

-Тухайн үед анхдагч болж чадсан гэдэгт итгэлтэй байна. Бас рок попынхон дотроо анхны ая зохиогч эмэгтэй, анхны хөгжмийн нэвтрүүлэгийг хөтөлж байсан гээд анхдагч болж чадсан шүү дээ?

-Тиймээ, UBS music-ийг анх санаачлан би хөтөлж байсан минь саяхан мэт санагдах юм... Найз Чимгээтэйгээ хамт найруулна, хөтлөнө, монголын ТВ суваг хязгаарлагдмал хэдхэн үзэх нэвтрүүлэгтэй байхад залуучуудад дутагдаж байсан анхны хөгжмийн нэвтрүүлгийг байгуулж байлаа. Одоо ч заримыг нь харахад дулимагхан санагдах юм даа.

-Чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.


Ж.Нарангарав

 

Энэхүү бүтээл нь www.Zindaa.mn сайтын болон сэтгүүлчийн оюуны өмч бөгөөд бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн нийтлэх, ашиглахыг хатуу хориглоно.

Top