Тоншуул: Сонгогчдын нэр барьсан Л.Болд, Ц.Оюунгэрэл нарыг бүлэг улстөрчид өмгөөлөхийн учир юу вэ?

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 21

Манай тухайд далд эдийн засгийг цэцэглүүлэгч шидтэй зүйлсийн нэг бол яах аргагүй газрын наймаа гэдгийг “Тоншуул” би эхлээд тодотгочихъё. Далд эдийн засаг гэдэг нь ойлгомжтойгоор хэлбэл албан ёсны бүртгэлд тооцогддоггүй эдийн засгийн үйл ажиллагаа юм л даа. Тэгэхээр нэг талаас довоо шарлуулсан дошны үйл ажиллагаа мэт боловч нөгөө талаас эдийн засагт бараан сүүдрээ тусгаж байдаг ийм үйл ажиллагааг идэвхийлэн хийгчдийг манайд улстөрчид тэргүүлдэг гэдэгтэй маргах юун. Ерөөс хөврөх баримтуудаас бэлхнээ харж болох билээ. Ил тод харагдахдаа гоё сайхан хэлж ярьчихаад хэрэг дээрээ нийгмийг, нийтийн эрх ашгийг сульдуулан хөнөөж байдаг хүмүүсийн олонхи нь улстөрчид байдаг гэсэн ойлголт нэгэнтээ бугшаад байгааг яалтай вэ. Тиймээс ч “Тоншуул” би тийм нөхдүүдтэй холбоотой хуудуутай асуудлуудыг хүргэдэг.

 

Улстөрчдийн оролцоотой газрын наймааны гол цэг нь нийслэлийн А зэрэглэлийн бүх байхаас гадна нийслэл дэх тусгай хамгаалалттай газар нутаг бүрэн өртөөд багагүй хугацаа өнгөрсөн. Түүнчлэн Дархан цаазат Богдхан уулын нутаг дэвсгэрээс хэсэгчлэн тасдаж, тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас чөлөөлж, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл  гэх ихээхэн хардалтыг араасаа дагуулаад байгаа асуудлын талаар би өгүүлэх гэж байна.

 

Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон Л.Болд, Ц.Оюунгэрэл нарын нөхдүүдийн санаачилсан эл төсөл хуульчлагдах юм бол энгийн номхон иргэдээс илүүтэй эрх мэдэлтнүүдэд үр ашигтай байх гээд байна гэдэг асуудлыг хэлэх эрхмүүд байгаа юм. Сонгуульд ялалт байгуулахдаа сонгогчдоо газрыг нь өмчлүүлнэ гээд амлачихсан гэдгээ хаа ч хэлж ярьж явдаг энэ хоёр эрхэм салбарын яамны нөхдүүдийн эсэргүүцсэн байр суурийн эсрэг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэргүүтэй Засгийн газрын гишүүд болоод бусад олон улстөрчдийн дэмжлэгийг аван  улайрч байгаагийн цаана хэний эрх ашиг илүү тавигдаад байна вэ гэдэг асуудал гарч ирж байгаа юм. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэвлэлд энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ өөрсдийнх нь санаачилсан тогтоолын төсөлд хууль, журам зөрчин баригдчихсан барилгуудаас ерөөсөө оруулаагүй, зөвхөн сонгогчид болох 600 гаруй айл өрхийн газрыг тусгай хамгаалалтаас чөлөөлөх асуудал агуулагдаж байгаа гэх ч, үнэн хэрэгтээ Л.Болд, Ц.Оюунгэрэл нар “Нэгэнт л хамгаалах, хянах боломжгүй болсон Арцат, Богинын амуудыг тусгай хамгаалалттай газар нутгийн бүсээс хасъя” гэсэн саналыг өргөн барьсан байгаа юм. Харамсалтай нь, БОНХЯ-наас бусад яам энэхүү саналыг нь зөвшөөрсөн гэж байгаа юм. Мөн энэ хоёр эрхмийн санаачилсан тогтоолын төсөл батлагдчихвал Дархан газрын хилийн цэсийг өөрчлөхийн тулд тухайн бүс нутгийг бүхэлд нь чөлөөлөхөөс аргагүй болж таарна гэдгийг ч хэлэх эрхмүүд байгаа.

 

Хачирхалтай нь, Ц.Оюунгэрэл хатагтай энэ талаар байр сууриа илэрхийлж  хэлж ярих болохоороо Арцат, Богинын амыг хилийн заагаас чөлөөлөхөөр төсөлд тусгасан тухайгаа дуугарахгүй байгаа нь хэвлэлийнхний анхаарлын гадна яаж үлдэх билээ. Лав БОНХЯ-ны төлөөлөгч тэдний санаачлаад байгаа энэ төсөлтэй холбогдуулан  “Төр хууль бус үйлдлийн өмнө буулт хийх ёсгүй. Цаашид хэн нэгэн эрхтэн дархтан дураараа авирлаад газар олгодог, эцэст нь төр бууж өгөөд хуульд өөрчлөлт оруулдаг байдал газар авна. Тиймээс манай яам энэ саналыг эсрэг бат зогсоно” гэж байсан. Мөн  Арцатын болон Богинын амыг тусгай хамгаалалтаас хасвал сөрөг үр дагавар гарна гэдгийг ч салбарын яамны зүгээс хэлээд байгаа. Мөнгөтэй, эрх мэдэлтэй нөхдүүд эдгээр амуудад эзэн сууна, эсвэл 2012 онд Горхи-Тэрэлж,Хөвсгөл нуурын эргээс хэсэг газрыг тусгай хамгаалалтаас хассаны дараа тэдгээр газарт хэн дуртай нь үйл ажиллагаа эрхэлж хог, хаягдалд дарагдан хариуцах эзэнгүй болоод байгаа шиг нөхцөл байдал үүснэ гэдгийг хэлээд байгаа юм.

 

Тэгэхээр сонгогчдын нэрийг урдаа барин хэсэг бусгийн эрх ашгийг хойноо нуучихаад байгаа мэт үзэгдэх энэ анхаарал татсан асуудал дээр голтой хандаж, тулхтай шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг Тоншуул би сануулмаар байна.

 

Ноён Тоншуул

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайдад(182.160.18.251) 2025 оны 03 сарын 13

Оюунгэрэл Сайдад хариуцлага тооцое. Эзэн Богд Чингисийн үеэс дархан цаазтай болсон дэлхийн анхны дархлагдсан хайрханыг өв уламжлал, ёс заншил, нэр төр, түүхээ яривал Соёлын Сайд байтугай энгийн иргэн, гадаадууд ч биширдэг. Энэ бол дэлхийд гайхагддаг өв соёл минь билээ. Харин ч хамгаалалтийн түүхийг нь 800 жилийн тэртээ анхны дархлагдсан уул гээд үүх түүхтэй нь бариад Юнэскод бүртгүүлэх хэрэгтэй баймаар. Арай ч дээ энд ёс зүй ярих ёстой юм биш үү. Эдний яаманд 7 хоног тутамд дор хаяж нэг хүн ёс зүйн алдаа гаргасан хэргээр шийтгүүлж байдаг гэсэн. Тэр нь төрийн нарийнаа хар гэсэн. Гаднаас орж ирсэн хүн рүү муухай харсан. 2-3 удаа асуулт тавьсан гм байдаг бололтой. тэгсэн мөртлөө ажлаа мэдэхгүй Эх орон телевизийнхэнд хаалгаа тайлахгүй дотроосоо цоожилчихсон Хуулийн хэлтсийн дарга, Стратегийн бодлогын Газрын даргадаа хариуцлага тооцохгүй байгаа юм. Учир нь тэдэнд төрийн нарийн нь цав цагаан харагддаг бололтой

1  |  0
bolioch dee L.Bold,Oyungerel nart anhaaruulj baina(123.121.216.57) 2025 оны 03 сарын 13

Ard tumnii ner barij oorsdoo ashigtai gazriig avah nuhee maltsan ajil hiihee bolioch dee. Uguul irgediin ashig gevel Zaisand amidarch baisan ger horoolliin irgediin asuudliig sohoj yarih bolno shuu

1  |  0
bolioch dee L.Bold,Oyungerel nart anhaaruulj baina(123.121.216.57) 2025 оны 03 сарын 13

Ard tumnii ner barij oorsdoo ashigtai gazriig avah nuhee maltsan ajil hiihee bolioch dee. Uguul irgediin ashig gevel Zaisand amidarch baisan ger horoolliin irgediin asuudliig sohoj yarih bolno shuu

1  |  0
kkkkkkkkk(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

Зайсан хавийн газрыг урдны засаг дарга байсан Загджав иргэдэд нь хэдийнээ өмчлүүлээд өгчихсөн шүү дээ. Тэр үед сонгуулийн үеэр хууль бус зүйл хийлээ гэж амаа урагдтал ярьж байснаа одоо болохоор иргэдэд нь өмчлүүлнэ ч гэх шиг. Одоо жирийн иргэд гээд байх хүмүүс үлдээгүй дандаа л хууль бусаар дархан цаазат газрыг хувааж авсан баячууд, олигархууд, дарга нар байгаа шүү. Худлаа иргэдийн нэрээр ийм балиар юм хийхээ болимоор юм. ШУДРАГА Л БАЙ Л ДАА

1  |  0
Top