Топ модель С.Ариунбилэг: Нөхөр маань Монголын 14-хөн топын нэгийг тэвэрч байгаадаа баяртай байна гэсэн

Автор | Zindaa.mn
2013 оны 12 сарын 04

Загвар өмсөгч моделиудын амжилтын оргил гэж болох наадам бол "Гоёл". Энэ жилийн “Гоёл” наадмын “Таавар” эргэж монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгч С.Ариунбилэг гэх бүсгүй тодорсон нь “Гоёл” шударга боллоо гэх үнэлэмжийг өсгөөд байгаа юм. Шинэхэн топ бүсгүйн дотоод ертөнцөд бага ч атугай нэвтрэхийг хүслээ. 


 -Топ”-ийн титмийг өмсөж чадлаа шүү дээ. Танд баяр хүргэе. Бөөн баяр явж байна уу?

-Баярлалаа. 13 жилийн хөдөлмөрийн маань үр шим гарч Топ Модель болсондоо туйлын баяртай байна. Ёстой л таны хэлснээр бөөн баяр, аз жаргалтай хүн явж байна.

-Топыг зарлах мөчийг хүлээгээд тайзны ар талд зогсож байх үед цаг царцчихсан юм шиг санагдаж байв уу. Гол дүр нь бүү хэл үзэгчид ч гэсэн хүлээлт удаан мэт санагддаг шүү дээ?

-Сэтгэл их тайван байсан. Тайзны ард юм юм л бодогддог юм билээ. Өөрийгөө түрүүлэх эсэхийг мэдэхгүй ч гэсэн өөртөө итгэлтэй байлаа. 2-3 жилийн өмнөөс өөрийгөө бэлэн болсон гэдгээ ойлгож, хэзээ нэгэн цагт авна даа л гэж бодож байсан.

-Нэрийг чинь зарлах үед тэгтлээ догдлоогүй гэж үү?

-Догдолсон гэхээсээ илүүтэй бие зарсхийгээд сонин болоод явчихсан. Өөрийгөө топ модель болж чадна гэж боддог байсан ч энэ удаа авчихна гэж төсөөлөөгүй байсан учраас шоконд орсон байх. Дотроо бол итгэж ядаад л “Би юу даа, миний зарлачихлаа гэж үү дээ” гээд өөрөө өөртөө шивнэж ярьсаар л байсан. Миний ойр орчинд байсан хүмүүс юу ярьж, юу хэлснийг нь сайн мэдэхгүй, тайзан дээр юу болоод өнгөрснийг ч сайн санахгүй болтлоо шоконд орсон шүү. Баярлахаасаа илүүтэй сандарсан.

-Гэр бүлийнхэн нь мэдээж баяртай хүлээн авсан байх. “Гоёл” дээр байсан уу?

-Манай гэр бүлийнхэн бүгд дэмжихээр ирсэн байсан. Хоёр талын аав ээжүүд, найз нөхдүүд, хайртай хань маань гээд л намайг дэмждэг хүмүүс маань бүгдээрээ ирсэн. Тэр гайхалтай торгон агшныг хамт хуваалцаж, надаас ч илүү баярлаж байсан байх. Миний хувьд үгээр илэрхийлж чадамгүй тийм их баяр бахдал цээжинд минь оволзож байсан.

-Зарим топуудыг залуу үеийнхэндээ зайгаа тавьж өгөх цаг болсон хэмээн шүүмжлэгчид цөөнгүй бий. Нас бол тоо, “Гоёл” бол Мянганбаярын өмч биш гэдгийг энэ удаагийн Гоёл наадам харуулчихав уу даа?

-Ер нь гэр бүлтэй моделиудыг хөгшин харагдаж байна гэж хэлж болохгүй. Тухайн хүн ямар их хүч хөдөлмөр гаргаж тайзан дээр биеэ авч явж байна. Түүнээс гадна алхаа гишгээ гээд л бүхий л талаасаа төгс болох нь авъяас чадвараас гадна цаг хугацааны асуудал, өөрөөр хэлбэл туршлага байдаг. Тиймээс 13 жилийн турш загвар өмссөн би өөртөө итгэлтэй байснаас гадна надад бусдаас дутуу юм ердөө ч байгаагүй гэж бодож байна. Өөртөө 100-ны 90 хувь итгэлтэй байсан. “Гоёл” наадам зохион байгуулалттайгаар хэн нэгнийг “албаар” цойлуулж алдрыг титэм өмсгөдөггүй юм байна. Авъяас чадвар, хүч хөдөлмөрийг нь үнэнээр нь шүүдэг юм байна гэдгийг л сая харлаа шүү дээ. Урьд нь би “Хэрэв “Гоёл” яг үнэн цагаанаар болдог бол би хэзээ нэгэн цагт авна” л гэж боддог байсан. Харин Ц.Мянганбаярын захиралын тухайд би хүнийх нь хувьд хүндэлдэг. Монголын дизайнеруудын холбоог тэргүүлж 25 жил шахам үйл ажиллагааг нь тасралтгүй явууллаа. Топ болгоныг Ц.Мянганбаярынх гэсэн пайз зүүдэг нь өрөөсгөл ойлголт шүү дээ.

-Бодоод байсан чинь Ариунбилэг албан ёсны гэр бүлтэй анхны топ нь юм уу даа...?

-Албан ёсны гэр бүлтэй анхны топ модель болж байгаа байх аа.


-Топ модель болж байгаа нь маш их үүрэг хариуцлага байхаас гадна ташуур өгдөг байх. Цаашид энэ салбартаа  төлөвлөж байгаа ажил бий юу?

-Надад урам зориг эрч хүч өглөө. Ер нь топ гэдэг нэр хүнд асар их үүрэг хариуцлагыг араасаа дагуулдаг юм байна. Дааж авч явахыг хичээх болно. Миний амьдралын хамгийн том зорилго бол чадалтай, хүндэтгэлтэй, олны танил эмч болохыг хүсэж байна. Нэгэнт өсвөр наснаасаа эхлэн хийсэн загвар өмсөгчийнхөө оргилд нь хүрч чадлаа. Цаашдын зорилго бол эмч мэргэжлийнхээ оргилд нь хүрэхийг хүсч байна.

-Загварын карьераа энд хүргээд дуусгаж байгаа гэсэн үг үү?

-Үгүй дээ. Моделийн ажлаа хийнэ. Харин агентлаг байгуулах, багшлах зэрэг ажлыг хойш тавьж эмчийнхээ ажлыг нэгдүгээрт тавина гэсэн үг.

-Ариунбилэг ”Агшин” нэвтрүүлгийн “модель” байсан шиг санагдаж байна?

-Тийм ээ. Хамгийн анх МҮОНТ-ийн “Агшин” нэвтрүүлэгт үсэг зөөдөг охин байсан. 2002 онд “Өвлийн гоёл 2003”-т загвар өмсөж анх тайзнаа гарч байлаа. 

-Отгон топ моделийг хань нь хэрхэн хүлээж авав. Гэр бүлээ танилцуулаач?

-Миний хань О.Золбаяр гээд гүндүүгй даруухан сайн залуу бий. Програмист мэргэжилтэй. Мэргэжлийнхээ чиглэлээр хувийн компани байгуулаад ажиллаж байна. Харин охиныг маань З.Цэцүүхэй гэдэг. Одоо 4 настай хөөрхөн бяцхан гүнж бий.

-З.Цэцүүхэй содон нэртэй юм. Цэцгийн нэр бил үү?

-Дөрвөн дэлбээтэй жижигхэн улаан цэцэг байдаг юм билээ. Их ховор нэр л дээ. Бид 2 интернэтээс хайж байгаад ховор нэр олоод өгчихсөн.

-З.Цэцүүхэй охины өвөө эмээ, топ моделийн “балиашиг” болсон аав ээжтэй нь танилцмаар байна?

-Аавыг маань н.Сүхбаатар гэдэг. “Өндөр” гэдэг хочоор нь эрүүл мэндийн салбарынхан бүгд мэднэ дээ. ЭМШУИС-д гадаад хэлний багшаар ажилладаг магистр, доктор н.Ундармаа гэж эмэгтэй бий. Миний өвөө Жамъянжав гэж хүн байсан. Тухайн үедээ өвөө маань 15 том докторын нэг байлаа. Энэ хүнийг дурсахгүй байхын аргагүй. Хүний амьдралд байж болох бүх л сайн сайхан шинж чанарыг агуулсан хүн байлаа. Магадгүй би өвөөгийнхөө сайн сайхан чанараас нь авч үлдсэн байж магадгүй. Би их өрөвч зөөлөн хүн. Сав л хийвэл уйлчих гээд л. Өвөө маань хөдөө аж ахуйн дээд сургуулийг анх үүсгэн байгуулсан. Өөрөө хамгийн анхны захиралаар нь нь ажилласан. Харин манай аав ээж хоёр эрүүл мэндийн салбарт насаараа хөдөлмөрлөсөн хүн байгаа.

-Монголын 14 топын отгон топоор шалгарсан сайхан бүсгүйн гараас хөтлөх хувьтай төрсөн О.Золбаяр азтай залуу юм аа. Анх яаж танилцаж байв?

-Бүр эхнээс нь ярьчихая. Бид багадаа дуулахыг хүсдэг байсан. “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнд ороод 13-т үлдэж байлаа. Түүний дараа  “The glamour” гэдэг хамтлагийг найз Т.Уранзултайгаа хамтран байгуулж “Испани аялгуу” гэдэг нэртэй дуу хийж клипжүүлж байсан. Тухайн үед их зардал гарган Сингапурт очин клипний зураг авч байсан юм. Гэтэл хамтрагч маань хувийн амьдралдаа анхаарч нөхөр, хүүхэдтэй болсон учраас уран бүтээлээ орхисон юм. Тэр үед л сонсох дуртай дуугаа бичлүүлэх гэж ирээдүйн ханийхаа ажлынх нь үүдээр эргэлдэж байгаад л нэг л мэдэхэд хайртай болчихсон байсан. Үүнээс өмнө нь таньдаг мэддэг байсан. Тодорхой хэлбэл багын найзууд байлаа. Бараг би өөрөө хойноос нь гүйж байгаад аваад суучихсан гэхэд буруудахгүй дээ. Миний амьдралд тохиолдсон анхны хайр минь хань маань.

-Ирээдүйн топ модель гэдгийг нь мэдэхгүй араасаа их гүйлгэж байв уу?

-Ер нь нэг хэсэг их үнэд орсон. Тэр тусам нь  би хойноос нь их гүйдэг байсан.


-Шартай байжээ?

-Би ер нь их шартай. Чамайг заавал өөртөө хайртай болгоно гэж гүйсээр байгаад л хайртай болгоод суусан даа.

-Үерхээд хэр удаж байж гэр бүл болсон бэ?

- Албан ёсоор үерхэж эхлээд 2 жил болоод л суусан. Урьд нь бие биенээ сайн таньдаг мэддэг байсан болохоор болгоомжлох, тухайн хүнээ таних гэсэн хүлээлт зэрэг асуудал бага байлаа.

-Таны амьдралд тохиосон эрхэм нандин торгон мөчүүд бол “Гоёл”-ын тайзан дээр нэр зарлах, охиноо төрүүлэх мөч байсан байх. Хоёулаа л гайхалтай мэдрэмж шүү дээ?

-“Гоёл” дээр өөрийнхөө нэрийг сонсоод балмагдаж, өөртөө үл итгэх шинж бий болж байсан. Харин хүүхэд төрөх мөч бол миний амьдралын хамгийн аз жаргалтай хэрнээ энгийн үгээр тайлбарлахын аргагүй аз жаргалтай, сайхан мөч байсан. Тэр улаан нялзрай нялх амьтан анхны амьсгаагаа аваад, уйлах мөчид миний нүднээс нулимс сул асгарч “Намайг эх болгосон хөөрхөн охиндоо баярлалаа” гээд л уйлж байсан юм. Ээж болох мөчид хүүхдэддээ л их баярладаг юм билээ. Яг тэр мөчид эмэгтэй хүний уян зөөлөн, хайр халамжаар гэрэлтдэг гэх зэрэг эмэгтэйлэг шинж чанар нь илүү их гардаг юм билээ.

-Аав нь хэр их хөл алдаж байв. Мэдээж аав болж байгаа хүн баярлаж хөөрсөн байх?

-Эмнэлгээс гараад ирсэн чинь хамаг эд хэрэглэлийг нь бэлдээд тавьчихсан байсан. Уг нь төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гээд урьдчилан бэлтгэдэггүй шүү дээ. Гэтэл манай нөхөр хүүхдийн ванн, ор зэрэг бүгдийг нь бэлдээд, цэцэг хүртэл аваад тавьчихсан. Залуу байхдаа хүүхэд гаргасныг ч хэлэх үү, гэртээ ороод ирэхэд л “Ээж хүний орчин ийм байдаг байх даа” гэсэн гоё мэдрэмж төрж байлаа.

-Нөхөр тань загвар өмсөхийг хэр дэмждэг вэ. Загварын ертөнцийн бүсгүйчүүд, эрчүүдтэй нэр холбогддог асуудал гардаг болохоор болгоомжилдог болов уу?

-Нөхөр маань намайг бүхий л талаар дэмжлэг. Ямар нэгэн хаалт тавьдаггүй. Их нээлттэй байдаг. Бид биендээ маш их хайртай. Миний анхны хайр, анх учирсан эр хүн болохоор би нөхрөөсөө өөр хүнд хайртай болж чадахгүй. Цаг ямагт гэр бүлээ хайрлаж, хамгаалах болно гэдгээ бардам хэлж чадна.


-Топ модель болсны дараа хайртдаа ямар бэлэг барив. Энэ сайхан эхнэрээрээ бахархсан л байж таарна. Романтик үдшийн тухай яриад байна л даа?

-Хэдийгээр гэр бүлийн нандин хором ч гэлээ миний хувьд хэлэхгүй байж чадахгүй нэг зүйл байна. Намайг топ болсон үдэш хань маань орондоо орсныхоо дараа намайг тэврээд “Монголын 14-хөн топын нэгийг тэврээд хэвтэж байна аа” гэж хэлж байсан. Яг ингэж хэлэх мөчид надад үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж, юу юунаас илүү сэтгэлийн нандин бэлэг болсон. Магадгүй надад тийм сайхан сэтгэгдэл төрснийг хань маань мэдээгүй ч байж болох талтай.

-Уучлаарай. Гэр бүлийн асуудалд хошуу дүрэх нь. Амжилтын араас эрсдэл дагаад явж байдаг. Топ модель бүсгүйн хувьд хардалтанд хэр өртдөг вэ?

-Би нөхөртэйгээ илэн далагүй ярьдаг. Мэдээж би нөхөр хүүхэдтэй хүн байж өөр залуугийн урилгыг хүлээж аваад хоолонд орохгүй. Миний хамгийн эрхэм зүйл бол гэр бүл. Миний гэр бүл учраас би гэр бүлээ хамгаална  гэдгээ бат хэлнэ. Надад тэгж явах шаардлага байхгүй. Намайг болзоонд урих энэ тэр асуудал байсан. Нөхөртэйгээ суухаас өмнө ч хойно ч. Гэсэн ч сайн аав ээж, сайн өвөөгийн буянд мөнгө төгрөг, хайр халамжаар дутагдаж гачигдаж байгаагүй болохоор тэр бүхэнд татгалзсан хариу өгч байлаа. Харин одоо бол сайн ханийхаа буянаар юугаар ч дутахгүй амьдарч байна. Миний хань миний анхны бөгөөд сүүлчийн сонголт байх болно. Аз жаргалаа би өөрөө хамгаалж чадна. Надад тийм ухамсар ч бий хүмүүжил ч бий. Бас сэтгэл байна.

-Ингэж хэлсний чинь төлөө хань тань, хадамууд тань баярлах байх аа. Бас уншигчид. Гэр бүлээ хамгаална гэж зоригтой хэлсэн топыг би сайн санахгүй байна. Тиймээс надад ч гэсэн сайхан санагдаж байна. Жаргал дааж амьдарна гэдэг чинь бүсгүй хүний ухааных шүү дээ?

-Би их азтай хүн. Манай хадамууд намайг их дэмждэг. Манай нөхөр даруухан, элдэв гаж зан байхгүй. Намайг их дэмждэг. Бас хайртай. Би том хүүгийнх нь эхнэр болохоор ч тэр үү хадамууд маань намайг их эрхлүүлдэг. Дураараа байж  байг гээд л. Анх төрчихөөд гэртээ байж байхдаа хадам ээжээрээ асруулаад эрхлээд л байж байдаг байлаа. Ийм сайхан нөхөртэй, хадамтай болсондоо баярлаж явдаг юм аа би.


Ж.Нарангарав

anu_naran@yahoo.com


Close menu