Гаалийн ерөнхий газрынхан өнөөдөр бизнесменүүдийн саналыг сонсох, тэдэнд тулгамддаг асуудлыг шийдэх үүднээс “Гааль-бизнесийн зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгууллаа. Уулзалтад Сангийн сайд Ч.Улаан, ГЕГ-ын дарга О.Ганбат, дэд дарга Н.Энхцогт, Ц.Уугангэрэл болон гаалийн бүх газар, хорооны дарга нар оролцож санал бодлоо солилцсон байна.
Бизнесменүүдээс гадаад худалдаанд хамгийн идэвхтэй оролцдог 80 гаруй компанийн захирал, удирдлагууд оролцсоноос гадна гадаад худалдаа эрхэлдэг 200 гаруй иргэд уулзалтад иржээ. Эрдэнэт УБҮ, Энержи ресурс, Тавантолгойн захирал удирдлагууд уулзалтад оролцож санал бодлоо илэрхийлсэн байна.
Бизнес эрхлэгчдийн хувьд гурван үндсэн асуудлыг шийдэж өгөхийг хүсчээ. Тодруулбал юун түрүүн хууль тогтоомжийг боловсронгуй болгохыг санал болгожээ. Гаалийн хууль нь эрхзүйн зарим зохицуулалтад нийцэхгүй байгаа бөгөөд бусад хууль тогтоомжтой харшилдах, хийдүүлж буй зүйл заалт ч байдаг ажээ. Энэхүү асуудлыг урьд өмнө нь ч хэлж байсан бөгөөд тэр дагуу Гаалийн байгууллагынхан судалгаа хийж, Гаалийн болон гаалтийн татварын тухай хуулийг цогцоор өөрчлөхөөр болсныг уулзалтын үеэр дуулгалаа. Хуулийн шинэчилсэн найруулгыг ГЕГ-ынхан өөрсдөө боловсруулж байгаа бөгөөд ондоо багтаан Засгийн газраар хэлэлцүүлэхийг зорьж байгаа юм байна.
Бизнес эрхлэгчдэд тулгамддаг дараагийн нэг асуудал нь гаалийн байцаагч нарын зан харилцаа, ёс суртахуун байдал ажээ. Хэдийгээр гаалийн ажилтан нь төрийн тусгай албан хаагч хэдий ч үйлчлүүлэгдэд дээрэнгүй зандрангуй харьцаж болдохгүй гэдгийг бизнесменүүд сануулжээ. Тиймээс гаалийн салбар нэгжийн удидлагууд гаалийн байцаагч болгоны зан харилцаанд анхаарна гэдгээ амласан байна.
Гурав дахь нь хүндрэл гэвэл их хэмжээний бараанд биет үзлэг хийхийн тулд цаг алдаж, бараа бүтээгдэхүүнийг гааль дээр удаан хугацаанд саатуулдаг гэсэн гомдол байлаа. Бизнесменүүдийн хувьд цаг бол алтаар үнэлэгддэг. Бараа бүтээгдэхүүн нь гааль дээр саатсанаас бизнесменүүд их хэмжээний алдагдалд ордог тул гаалийнхан их хэмжээний барааг богино хугацаанд шалгадаг багаж хэрэгсэлтэй болох ажлыг эхлүүлжээ. БНХАУ-ын тусламжийн дагуу 100 тонн чингэлгийг гуравхан минутад шалгах хүчин чадал бүхий орчин үеийн рентгэн аппаратыг оруулж ирэхээр болжээ. Энэ оны гуравдугаар улиралд багтаан суурилуулчих боломжтойг гаалийн удирдлагууд хэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )