Буу импортолдог компанийн тоог олшруулахаар хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 16

УИХ-ын чуулган хуралдаанаар өнөөдөр Галт зэвсгийн тухай хуулийг шинэчлэх хуулийн төслийг хэлэлцэнэ. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд цэрэг, цагдаагийн байгууллагыг эс тооцвол иргэн, хуулийн этгээдэд 46982 галт зэвсэг бүртгэлтэй байдаг аж.

Эдгээрийн ихэнх нь ан агнуурт ашиглахаар бүртгүүлсэн байна. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд буу эзэмших хүсэлтэй хүний тоо олширч, жилд дунджаар 2000 хүсэлт цагдаагийн байгууллагад ирдэг болжээ.

Манай улс 2001 онд Галт зэвсгийн тухай хуультай болсон байна. Энэ хуулиар галт зэвсэг эзэмшигчид татвар төлөхөөр болсон ч жилд дөнгөж 4000 төгрөг байсан. Харин одоо үүнийг ихэсгэн 10-35 мянган төгрөг байлгахаар хэлэлцэж байгаа аж.

Хуульзүйн яамны зүгээс галт зэвсэг импортлох эрхтэй компанийн тоог олшруулах хүсэлтэй байгаа юм. Учир нь өнөөгийн байдлаар манайд ийм зөвшөөрөлтэй хоёрхон компани байдгаас нэг нь л худалдах эрхтэй. Үүнээс болж хар захаар буу, сум наймаалцах явдал их байдаг гэсэн.

Тиймээс дор хаяж таван компанид импортын эрхийг өгье гэх санал гаргасан байна. Мөн сумны наймаанд хяналт тавихгүй бол аль хэдийнэ учир тоймоо алдсаныг ч анхааралдаа авахаар болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өөбөб(203.91.119.100) 2014 оны 01 сарын 16

татварыг нь нэмж болохгүй ээ. Үүнтэй холбоотой буу нуух үзэгдэл гараад тэндээсээ хүн амьтан хохирбол яах юм болж байна

0  |  0
Top