“Сандэй”-ийн эзэд сард л 50 сая төгрөг халааслаж суудаг нь илэрлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 16

“Сандэй” группийнхэн нийтийн анхааралд орлоо. “Нарантуул” захын баруун талд баригдаж, хар захын худалдааг боловсронгуй болгосон, худалдаа эрхлэгч, худалдан авагчдын тав тухыг хангасан гэж сурталчлуулж байсан энэ төвийн удирдлагууд түрээслэгчдээс сард 50 сая төгрөг завшиж, луйварддаг байсан нь дэлгэгдэв.

Луйвар хийхдээ, нийтийн эзэмшлийн хэсэгт багтах хүн явдаг хэсгийг лангуу эзэмшигчдэд зарсан байх юм. Түрээслэгчдийн өмгөөлөгчийн хэлснээр, энэ төвд нийтийн эзэмшлийн 5000 метр.кв орчим талбай байдгийг бүгдийг нь түрээслэгчдээс мөнгө авах замаар “ашигласан” байна.

Ингээд өнгөрсөн хугацааны луйврыг бодохоор 3 тэрбум орчим төгрөг болж байгаа бөгөөд түрээслэгчдийн хохирлыг барагдуулахгүй бол цаашид тэмцлээ үргэлжлүүлнэ гэсэн. Одоогоор тэд “Сандэй” группийн удирдлагуудыг шүүхэд өгөөд байгаа юм.

Ер нь энэ төвтэй холбоотой маргаан асуудал нэлээд бий. Тухайлбал, өнгөрсөн наймдугаар сард “Сандэй” худалдааны төвд гал гарч, түрээслэгчдийг хохироосон хэрэг гарсан. Энэ үеэр шалгалтынхан багагүй зөрчил илрүүлсэн.

“Сандэй” худалдааны төв 2009 онд ашиглалтад орсон, долоон давхар, төмөр бетонон караказан хийцтэй, хөөсөнцөр дулаалгатай, ханыг хөнгөн блокоор барьсан, сэндвичин ханатай, авралтын гурван гарцтай барилга юм. Тус төвд гарсан галыг унтраахаар НОБГ-ын гал унтраах гурван анги, мөн гэрэл холбооны автомашин, шатны автомашин нэмэлтээр ажиллажээ. Онцгой байдлын албадаас “Сандэй” худалдааны төв байгуулагдсан цагаас нь хойш галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалт хийж, 2010, 2011, 2013 онд хариуцлага тооцож байсан бөгөөд шалгалтаар нэлээд зөрчил илэрсэн байдаг.

Тодруулбал, тус худалдааны төв нь анхны зураг төслийн дагуу баригдаагүй, барилгын зураг төслийг өөрчлөхдөө холбогдох байгууллагуудад мэдэгдэж, зөвшөөрөл аваагүй, авралтын зам гарцыг хаасан, урсдаг шат болон хоёр талын шатыг хааж лангуу байрлуулсан, шатны хонгилуудад утаа үл нэвтрэх хаалт хийгээгүй болох нь илэрч байжээ. Мөн гадна талын нүүрний хэсэг буюу бүх цонхыг төмөр хийцээр хааж, торлосон нь гаднаас нь авралтын ажиллагаа явуулах боломжгүй болгож байгаа ажээ. Зарим газарт цахилгааны монтаж, холболт хийгээгүй, гал мэдрэгч суурилуулсан хэрнээ гал унтраах төхөөрөмж суурилуулаагүй байна.

Мөн ослын үед гарцыг заах ослын гэрэлтүүлэггүй байсан бөгөөд  энэ нь ослын үед хүн ам олноор үрэгдэх үндэс болдог ажээ. Мөн худалдааны төвд гал унтраах усан хангамж байхгүй байжээ. 2013 оны дөрөвдүгээр сард эрх бүхий байгууллагаас тус худалдааны төвийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарган хүргүүлсэн ч “Сандэй” худалдааны төвийн үйл ажиллагаагаа зогсоогоогүй өнөөг хүртэл ажиллаж байжээ.

Эл худалдааны төв 2008 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орсон. Олон жил өвлийн  хүйтэнд бээрч суусан худалдаа эрхлэгчид дулаан газар орохыг бодолгүй ч яахав.  Түрээсийн орлогоор мөнгийг хүссэнээрээ хүүлж буй тус төвд  кондейшн ч байхгүй, нэг,  хоёрдугаар давхартаа хүйтэн гэж жигтэйхэн. Түрээслэгчид нэг удаа бие засахад  200 төгрөг, нэг ус буцалгагчаар ус авахад 50 төгрөг, шал угаах хувин ус 100 төгрөгөөр авдаг. Тэгэхээр олон жил шулуулсан бизнес эрхлэгчид одооноос тэмцэхээр шийдсэн нь энэ юм.

Д.Маргад

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Түрээслэгч(112.72.13.240) 2014 оны 01 сарын 16

Сандэй плаза чинь 1м**-аа 2500$-оос 5500$-оор бидэнд зарсан ш дээ байрлалаас нь хамаараад. Дээр нь лангууны харалдаа хүн явдаг коридорыг митер кавдратад нь нэмж оруулаад л бидэнд зарсан. Тэгэхээр нэг жижиг лангуу гэхэд л 2-өрөө байрнаас үнэтэй болж байгаа биз дээ. Тэгээд үнээ жоохон буулгаач гэхээр: тэгвэл авахаа боль өөр авах хүн зөндөө байна гэж дарамтлаад л зарсан. Тэгээд бид нараас одоо сар болгон тогны мөнгө гэж 1м**-аар нь тооцож авна, дээрээс нь ашиглалтын зардал гэж сар болгон 1м**-аар нь тооцож 50000-140000-н төгрөг бас дээр нь нэмж авна. Түрээслэгчид бид өөрсдөө нэг удаа 00-ороход 200-н төгрөг төлнө, бас шал угаах ус авахад 100-н төгрөг, бас дээр нь хогоо түрээслэгчид өөрсдөө цэвэрлэж гаргаж хаяна. Тэгээд байнга тог нь тасарана тэгээд эрчим хүчрүү залгаж асуухаар танай байгуулалга тогны мөнгөө төлөөгүй гэнэ. Арай л даварцан газар. Сайн шалгамаар л байгаан.

0  |  0
Д.МАРГАД(103.23.51.4) 2014 оны 01 сарын 16

ЗӨВ ШҮҮ

0  |  0
өаөаөаө(203.91.119.100) 2014 оны 01 сарын 16

Ямар мундаг санаа вэ. Монголын бүх түрээслүүлэгчид түрээслэгчээсээ 00 өрөө, болон хэрэглэсэн уснаас нь мөнгө авч байя. Түрээслэгчид нь бүтээгдэхүүний үнийг нэмээд л ард түмнээс авчихна биз.

0  |  0
Usa(67.163.92.11) 2014 оны 01 сарын 16

Yu gesen ug um be? Zugeer l unegui avaad l bmaar bga um uu? Hudulbul Huls gedeg um da .Unegui um gej Ene delkhiid baihgui

0  |  0
Top