АНУ Африк тивд хөрөнгө оруулхаар болжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 08 сарын 06

Вашингтон хотод үргэлжилж буй АНУ-Африкийн дээд хэмжээний уулзалтын үеэр Цагаан Ордоны тэргүүн Барак Обама Африк тивд 33 тэрбум долларын хөрөнгө оруулна гэж мэдэгдлээ. Тэрбээр Африкийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүдэд хандан бизнесийн орчныг сайжруулах, авлигын эсрэг тэмцэх шаардлага тавьсан. 

Америкийн бизнес эрхлэгчид 14 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх бол Африкийн эрчим хүчний салбарт нэмж 12 тэрбум доллар зарцуулна. АНУ-ын засаг захиргаа Африк тивийн зах зээлийг Хятад болон Европын холбоотон улс орнуудад алдахгүйн тулд ихээхэн хүчин чармайлт гаргах бололтой. Тэрбээр Вашингтон хотод цугларсан Африкийн 45 улсын төр, засгийн тэргүүнүүдэд хандан АНУ-ын засаг захиргаа Африктай урт хугацааны түншлэл байгуулах сонирхолтой гэдгийг онцолсон. 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, “Манай засгийн газар болон манай түншүүдийн хамтарсан хөрөнгө оруулалт 33 тэрбум долларт хүрнэ. Энэ мөнгөөр Африкийн хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээс гадна АНУ-д ажлын байр бий болгох ач холбогдолтой” гэжээ. 

Африкийн улс орнууд хөрөнгө оруулалт татахын тулд хуулийн засаглал, зохицуулалт, сайн засаглалыг төлөвшүүлэх хэрэгтэй гэдгийг ч Обама анхааруулсан. Бизнес эрхлэхийн тулд хэн нэгэн албан тушаалтанд мөнгө өгдөг буруу тогтолцоог халах хэрэгтэй гэдгийг Обама хэлсэн. Дээд хэмжээний уулзалтын хоёр дахь өдөр бизнесийн асуудалд төвлөрсөн. Африкийн төлөөлөгчид Америкийн компаниудыг тун идэвхи муутай байгааг ч хэлж байлаа. Африкийн хамгийн баян хүнд тооцогддог 20 тэрбум долларын хөрөнгөтэй Нигерийн тэрбумтан Алико Данготе Америкийн компаниуд аль арван жилийн өмнө Африкийн тухай ярьдаг байсан ч өнөөг хүртэл дорвитой хөрөнгө оруулалт хийгээгүй гэж шүүмжилсэн. Гэтэл Африк тивийн эдийн засаг өнгөрсөн арван жилийн дотор жилд дунджаар 5,5 хувиар өссөн гэж тэр нэмж хэлсэн. Өчигдөр болсон салбар хуралдаанд Америкийн Женерал Электрик, Кока Кола, Волмарт зэрэг том корпорациудын удирдах албан тушаалтнуудаас гадна Африкийн тэрбумтнууд болох Алико Данготе, Мо Ибрахим, Ашиш Таккар нар оролцсон. Олон улсын Валютын сангийн тооцоолсноор Африкийн эдийн засаг энэ онд 5.4, ирэх онд 5.8 хувиар өсөх аж. 
- See more at: http://world.time.mn/content/48041.shtml#sthash.k46NIs76.dpuf

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(50.181.20.218) 2014 оны 09 сарын 14

ter xap da afrikiin orond iim ih hemjeenii hurungu oruulj bj manai Mongold neg muu biznesman-ee ch oligtoihon hurungu oruulahiig zuvshuuruldeegui shuu de usa-chuud. gevch ene ni bol ih zalitai afrikiin hurungu ergeed uursdiinh ni boloh tul afrikchuudiig hurungujuulj bga bish l duu unuu muu haruudaa hyamd ajillah huchin l bolgono. usa-d ajliin bair ch bii bolno geseniig sain unshsan biz. ed chini iim l ashgaa hardag humuus.

0  |  0
Top