НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны Дэлхий дахины VI форум Индонези Улсын Балид 2014 оны 8 дугаар сарын 29-30-нд «Өөр өөр боловч эв нэгдэлтэй байх» сэдвийн дор болж өнгөрөв.
Ази тивд анх удаа хуралдсан тус Форумд Индонезийн Ерөнхийлөгч, Тимор-Лесте улсын Ерөнхий сайд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг 106 орны 1300 орчим төлөөлөгч оролцож, Соёл иргэншлийн холбооны 4 тулгуур салбар болох залуучууд, боловсрол, хэвлэл мэдээлэл, хүн амын шилжилт хөдөлгөөний асуудлыг хэлэлцэн, «Балийн Тунхаглал» батлан гаргалаа.
Форумд Монгол Улсыг төлөөлөн, ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С. Бадрал оролцон үг хэллээ. С.Бадрал хэлсэн үгэндээ хүний сэтгэлгээг өөрчлөхөд боловсрол чухал үүрэгтэйг тэмдэглэж, Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас баталсан «Ардчиллын боловсролын тухай» тогтоол зэрэг НҮБ-ын хүрээнд сүүлийн үед гарсан шинэ санаачилгуудын ач холбогдлыг онцлов.
Мөн өөр өөр үзэл бодолтой хүмүүсийн хоорондын харилцан ойлголцол, харилцан хүндлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээ, боловсрол улам бүр онлайн болж байгааг дурдаад улам олон хүн, ялангуяа залуучууд Интернэтэд холбогдож, Интернэтийн эрх чөлөөгөөр хангагдаж байвал НҮБ-ын Соёл иргэншлийн холбооны зорилтууд хэрэгжихэд дөхөм болохыг тэмдэглэв.
Үүнтэй холбогдуулан одоо Монгол Улсын даргалж буй «Онлайн эрх чөлөө эвсэл»-ийн Сайд нарын V Бага хурал Улаанбаатар хотноо 2015 оны 5 дугаар сард болох тухай мэдээлж, энэхүү арга хэмжээ нь анх удаа Ази тивд зохион байгуулагдаж байгааг онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )