Христийн шашинтай хосыг зодож, аминд нь хүрчээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 05

Христийн шашинтай хосыг коран судрыг гутаан доромжилсон гэж пакистанчууд үхтэл нь зодсон тухай тус улсын Цагдаагийн газраас мэдээллээ. Мөн тэдний цогцсыг ажлынх нь гадаа буюу Пунжаб аймгийн Кот Рада Кишан тосгоны үйлдвэрийн зууханд шатаасан байна. Цагдаагынхан хохирогчдыг зөвхөн Шама болон Шехзад нэртэй хос байсан гэдгээс өөр мэдээлэл өгөөгүй аж.

Бурхан шүтээн, ялангуяа коран судрыг шүүмжлэх нь пакистанчуудын хувьд маш эмзэг асуудал байдаг. Хэдий шашны цөөнхүүдийг хамгаалах хууль байдаг ч бараг хэрэгждэггүй бөгөөд ийм хүмүүс олон нийтийн гэнэтийн дайралтад өртөн амиа алдах явдал олон байдаг. Хамгаалалтын албаныхан хосыг аврахыг оролдсон ч ууртай олны өмнө хүч хүрээгүй ялагдсан гэлээ. Пакистаны холбогдох яамны сайдууд хэргийн газар ирсэн бөгөөд аллагын хэргийг мөрдөх ажиллагааг эхлүүлжээ.

Өнгөрсөн тавдугаар сард Мултан хотод коран судрыг гутаасан их сургуулийн багшийг буудсан бол өнгөрсөн сард Пакистаны шүүх 2010 онд ийм шалтгаанаар буруутгагдсан эмэгтэйг цаазаар авах ял оноосон билээ.

Амиа алдсан шашны цөөнхүүдийн хэргийг шалгадаг боловч ихэнхи нь нотолгоо хангалтгүй гэсэн шалтгаанаар шийдэгдэлгүй хаагддаг байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top