Африкын баячууд эбола вирусын халдвар дэгдсэн улс орнууддаа туслах яаралтай сан байгууллаа. Сандаа хуримтлал үүсгэхийн тулд Этиопийн нийслэл Аддис Абабад уулзалт зохион байгуулсан бөгөөд 28.5 сая ам.доллар цуглуулсан тухайгаа өнөөдөр мэдээллээ.
Энэхүү мөнгөөр эхний ээлжинд халдварт нэрвэгдсэн Гвиней, Сьерра-Леон, Либери улсуудад 1000 гаруй эрүүл мэндийн ажилтан илгээхээр болжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд хэрвээ өвчлөлийн хурдыг сааруулж чадах юм бол дээрх улсуудыг бүр мөсөн халдварт нэрвэгдэхээс хамгаалах боломжтойг мэдэгдээд байгаа. Эболагийн халдвараар 14 мянга гаруй хүн өвчилсөн бөгөөд ойролцоогоор 5000 хүн амиа алдаад байна. Амиа алдагсдын талаас илүү хувь нь буюу 2766 нь Либерийн иргэд юм.
Уулзалтын үеэр Африкын холбооны тэргүүн Дламини Зума мэдэгдэхдээ эболатай тэмцэх урт хугацааны зорилтын хүрээнд дээрх гурван улсад эмнэлгийн тоног төхөөрөмж шилжүүлнэ гэдгийг онцолсон байна.
Эболатай тэмцэх санд олон зуун үндэсний компани хандив өргөсөн бөгөөд энэ 28.5 сая ам.долларын зарцуулалтад Африкын хөгжлийн банк хяналт тавих аж.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )