Шинзо Абэ бодлогоо хэрэгжүүлэхийн тулд хугацаанаас өмнө сонгууль зарлана гэв

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 12

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ доод танхим буюу Төлөөлөгчдийн танхмийг шинэчлэх гэнэтийн сонгууль зарлахаар болсон гэж Японы орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Абэ хугацаанаас нь өмнө сонгууль зарлах гэж буй нь борлуулалтын татварыг нэмэх бодлогоо шийдвэрлэх зорилготой гэжээ.

   Мөн Шинзо Абэ борлуулалтын татварыг нэмэгдүүлэх бодлогынхоо хоёр дах үе шатыг ирэх жилийн 10-р сар хүртэл хойшлуулна гэж таамаглаж байна. Засгийн газар энэ сарын 17-ны өдөр гарах эдийн засгийн гуравдугаар улирлын өсөлтийн дүнгээс хамааран дээрх бодлогын хоёр дах шатыг явуулах эсэхийг шийднэ гэж мэдэгдээд байсан юм.

   "Шинзо Абэ энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд янз бүрийн хувилбаруудыг судалж байна. Тухайлбал, энэ оны эцэс гэхэд доод танхимд сонгууль явуулна" хэмээн Абэтэй ойрын эх сурвалж мэдээлснийг Японы "Kyodo News" агентлаг иш татжээ.

   Ерөнхий сонгууль хамгийн сүүлд 2012 оны арванхоёрдугаар сард болсон ба Абэгийн Либерал ардчилсан нам сонгуульд ялсан бөгөөд 2016 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд эрх барих боломжтой.

   Ажиглагчид Абэгийн Засгийн газрыг дэмжих үзүүлэлт буурч байгаа хэдий ч Либерал ардчилсан нам дахин ялах магадлал маш өндөр гэж үзэж байна. Тиймээс хэрвээ Абэгийн төлөвлөсөн ёсоор нам нь дахин ялбал тэрээр 2018 он хүртэл борлуулалтын татварыг нэмэгдүүлэх өөрийн шийдвэрийг хоёр жилээр сунгах боломжтой болох юм.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top