Кенийн эмэгтэйчүүд богино юбкатай жагсаал хийв

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 18

Кенийн нийслэлд олон зуун эмэгтэйчүүд богино юбкатай жагсаал хийжээ. Тэд  өмссөн хувцсаараа гадуурхагдан халдлагад өртсөн эмэгтэйг дэмжин жагссан байна.

Өнгөрсөн долоо хоногт Кенийн нэгэн эмэгтэй автобусны зогсоол дээр бүлэг эрчүүдийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд өмссөн хувцас нь эрчүүдийг өдөөсөн хэмээн буруутгагдсан юм. Хохирогч эмэгтэй хэн болох нь тогтоогдоогүй бөгөөд энэхүү хэргийн бичлэг Кенийн интернэт сүлжээнд тавигдсан нь ихээхэн маргаан дэгдээжээ. Хэрэг явдлын дараа тус улсын уламжлалт бүлэглэлүүд эмэгтэйчүүдийг зохистой хувцаслах ёстой хэмээн мэдэгдсэн юм.

Харин өчигдөр жагссан олон зуун эмэгтэйчүүд бүгд богино юбка өмсөж энэхүү харгис үйл явдлыг эсэргүүцсэн байна. Жагсагчид “Миний хувцас миний сонголт” хэмээх бичигтэй уриа лоозон барьжээ. Тэд эмэгтэйд халдсан хэрэг болсон Эмбассава автобусны буудлаас жагсаалаа эхлүүлжээ.

Кенийн дэд ерөнхийлөгч халдлага үйлдсэн этгээдүүдийг баривчилж, мөрдөн шалгах үүрэг өгөөд байгаа юм. Харин Цагдаагийн газрын зүгээс хохирогч эмэгтэй өөрөө гомдол гаргаагүй тул хэргийг шалгах боломжгүй гэсэн байна.

                                                                                                                              Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top