Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өчигдөр гэнэтийн сонгууль зарлалаа. Тэрээр борлуулалтын татварыг нэмэгдүүлэх бодлогоо ирэх жилийн 10 дугаар сар хүртэл хойшлуулснаа мөн мэдэгдсэн байна. Абэ хугацаанаас нь өмнө сонгууль зарлаж буй нь эдийн засагтаа явуулж буй өөрийн бодлогоо шийдвэрлэх зорилготой гэжээ.
Тэрээр өчигдөр мэдэгдэхдээ ирэх тав дах өдөр парламентыг татан буулгана гэсэн байна. Мөн сонгуулийг аль болох хурдан буюу 12 дугаар сарын дундуур зохион байгуулна гэжээ.
Шинзо Абэ “Би сонгууль амаргүй гэдгийг ойлгож байгаа. Гэвч би ард иргэдийнхээ дуу хоолойг сонсмоор байна. Хэрвээ манай нам олонхи байдлаа хадгалж чадахгүй бол би ерөнхий сайдын албаа өгнө. Учир нь энэ бол Японы ард түмэн Абэномиксоос татгалзаж байна гэсэн үг юм” хэмээн хэлжээ.
Абэ мөнгөний бодлого, засгийн газрын үрэлгэн байдлыг бууруулах замаар эдийн засгийн шинэчлэл хийх Абэномикс хэмээн нэрлэгдсэн бодлогодоо сонгогчдоос дэмжлэг авах эрмэлзэлтэй байгаа юм.
Шинзо Абэ эдийн засгийн гуравдугаар улирлын өсөлтийн дүнгээс хамааран өчигдөр борлуулалтын татварыг нэмэгдүүлэх бодлогынхоо хоёр дах шатыг явуулахаа хойшлуулахаар болсон байна.
Ерөнхий сонгууль хамгийн сүүлд 2012 оны арванхоёрдугаар сард болсон ба Абэгийн Либерал ардчилсан нам сонгуульд ялсан бөгөөд 2016 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд эрх барих боломжтой. Ажиглагчид Абэгийн Засгийн газрыг дэмжих үзүүлэлт буурч байгаа хэдий ч Либерал ардчилсан нам дахин ялах магадлал маш өндөр гэж үзэж байна. Тиймээс хэрвээ Абэгийн төлөвлөсөн ёсоор нам нь дахин ялбал тэрээр 2018 он хүртэл борлуулалтын татварыг нэмэгдүүлэх өөрийн шийдвэрийг хоёр жилээр сунгах боломжтой болох юм.
Б.Ариунцэцэг
Сэтгэгдэл ( 0 )