Филиппин зэвсэг худалдан авахад хоёр тэрбумыг төсөвлөжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 24

Филиппин хоёр тэрбум гаруй долларыг ирэх гурван жилд байлдааны зэвсэг авахад зориулахаар болжээ. Тус улс 2017 он хүртэл шинэ зэвсэг, техник, сум, тусгай тоног хэрэгсэл худалдан авахад энэ мөнгийг зарцуулахаар төлөвлөснийг тус улсын Ерөнхийлөгч Бениньо Акино мэдэгдсэн байна. Үүнд агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем, цэргийн тээврийн С-130Т онгоц, далайн эргүүлийн онгоц, дайрагч онгоц, шумбагч эсэргүүцэгч нисдэг тэрэг, десантын болон дайрах усан онгоцууд багтжээ. Мөн цэргийн холбооны хэрэгсэл, шөнийн харааны систем, тусгай сум хэрэгсэл зэргийг авах юм байна.

Сүүлийн дөрвөн жилийн дотор Филиппиний Батлан хамгаалахын зардал улам нэмэгдсээр байгаа аж. Тухайлбал, 2010 оноос хойш Филиппин нь "FA-50 Golden Eagle" дайрагч онгоц, олон зориулалттай нисдэг тэрэг "Bell 412", "UH-1 Iroquois", агаараас цохилт өгөх "AW109" онгоц болон эргүүлийн усан онгоц зэргийг худалдан авахад 41,4 тэрбум филиппин песо зарцуулаад байгаа. Харьцуулахад, Филиппин нь 1992-2010 онуудад шинэ байлдааны зэвсэг худалдан авахад нийт 33 тэрбум песо зарцуулж байсан аж.

Бүс нутагт хурцадмал байдал нэмэгдэж лалын хэт явцуу үзэлт алан хядагчдын үйл ажиллагаа идэвхжсэн, Хятадтай булаацалдаж байгаа эзэнгүй арлуудыг тойрсон байдал ээдрээтэй болсон. Мөн Хятад шинэ зэвсэг техник ихээр худалдан авах болсон зэргээс үүдэн Филиппинийг ийнхүү Батлан хамгаалах салбараа шинэ техник, зэвсэглэлээр хангахад онцгой анхаарах болсон гэж шинжээчид үзэж байна.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top