Францын Засгийн газраас 930 сая ам.доллар шаардлаа

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 26

Өмнөд Номхон далайд байршилтай Францын Полинезийн арлууд экологийнхоо төлөө тэмцэж эхэллээ. Таван томоохон бүлэг арлаас бүрддэг тус нутагт Франц улсын Засгийн газар цөмийн туршилт хийсэн нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлсөн гэж гомдоллож буй тул нөхөн төлбөрийн шаардлага иржээ. Полинезийн Консерватив намын тусгай хорооноос туршилтын улмаас экологид учирсан хохирлыг 930 сая ам.доллар хэмээн үнэлсэн аж. Тус хорооны мэдээллээс үзэхэд Франц улс 1966-1996 онд нийт 210 удаа цөмийн туршилт хийсэн нь бүс нутгийн экологид сөрөг нөлөө үзүүлжээ.

Францын Батлан хамгаалах яам өнгөрсөн онд зарим баримт мэдээллээ нууц ангиллаас гаргасан нь дээрх асуудлын үүсвэр болж. Тэр баримтаас үзвэл Францын Полинезийн арлуудад цацраг идэвхт бодисын хэмжээ урьд нь мэдээлж байснаас нэлээд их аж. Тухайлбал, Таити арал дээр цацраг идэвхийн хэмжээ зөвшөөрөгдөх доод хэмжээнээс 500 дахин өндөр гарчээ. Түүнчлэн Консерватив намын тусгай хорооныхон Муруроа, Фангатауфа арлыг эзлэн түрэмгийлсээр байгаагийн төлбөрт 132 сая ам.доллар нэхэмжлэхээр зэхэж байгаа аж. Францын Сенат 2012 онд Муруроа, Фангатауфа арлыг Полинезийн мэдэлд өгөх тухай хуулийн төсөл баталснаар тус газар нутгийг энэ оны нэгдүгээр сарын 1-ээс шилжүүлэн өгөх ёстой байсан гэнэ.

Б.Ариунцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top