Цагдаагийн офицерт буудуулж амиа алдсан хар арьс хүү Майкл Брауны гэр бүлийнхэн Даррен Вилсонд ямар ч шийтгэл оногдуулаагүйд сэтгэл санааны хүнд цохилтонд ороод байна.
Браун хүүгийн эцэг NBC телевизэд өгсөн ярилцлагандаа хүүгийн минь нэр төр "цовдлогдлоо" хэмээжээ. Харин түүний эх хадагтай Браун хэлэхдээ "Ноён Вилсон бүдүүлэг зан гаргалаа" гэжээ.
18 настай хар арьст хүү Майкл Брауныг Миссури мужийн Фергюсон хотод өнгөрөгч 8 сарын 9-нд цагдаагийн офицер Даррен Вилсонд буудуулж амиа алдсан юм.
Өнөөдрийн байдлаар АНУ-ын 13 хотод шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн олон зуун иргэд жагсаж байна.
Фергюсон хотод Мягмар гаригт гарсан үймээний үеэр 2000 гаруй цэргийн хүчийг байрлуулж, дөчин дөрвөн эсэргүүцэл илэрхийлэгчдийг баривчилжээ. Харин Сент-Луис хотын захиргааны гадаа доод тал нь 200 жагсагчид Вилсонд өгсөн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн жагсжээ. Жагсагчид хотын захиргаа уруу "ичмээр, ичмээр" хэмээн орилж байсан аж. Мөн энэ үеэр Калифорни мужийн Окленд хотод жагсагчид тайван замаар жагсаж байсан бол эсэргүүцлээ илэрхийлэгчид нь хотын гудамжинд гал тавьжээ. Харин Лос Анжелос хотод 130 эсэргүүцэл илэрхийлэгчид эмх замбараагүй байдал бий болгосон хэмээн буруутгагдаж баривчлагдлаа гэж LA Times мэдээлжээ. Мөн цагдаагийнхан Бостон, Атланта, Нью-Йорк хотуудаас хэд хэдэн жагсагчдыг баривчилжээ.
Энэ мэтээр хар арьст хүүг буудан хороосон цагдаагийн офицерыг ямар ч шийтгэлгүй өнгөрөөж байгаад олон хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал цар хүрээгээ тэлсээр байна.
А.Амартүвшин
Сэтгэгдэл ( 1 )
ZUV