Украйны бүс нутгийн бодлогыг дэмжих зорилготой шинэ хөтөлбөрийн санхүүжилтийн гэрээнд Европын Холбоо, Украйны талууд гарын үсэг зурлаа.
Украйны Эдийн Засаг, Хөгжил, Худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Валери Пятницьки болон Европын Холбооны Бүс Нутгийн Бодлогын төлөөлөгч Йоханнес Ханнар тус гэрээг Украйн улсад үзэглэлээ.
Шинэ хөтөлбөр нь 55 сая еврогийн өртөгтэй бөгөөд Украйны Төвлөрөлийг Сааруулах, Бүс Нутгийн Бодлогыг дэмжих хөтөлбөр юм. 2015-2018 онуудад дээрхи санхүүжилтийг дөрвөн үе шаттайгаар Украйны талд хүлээлгэн өгөхөөр болжээ.
Украйны бүс нутгийн бодлогыг дэмжснээр бүс нутгийн хууль тогтоомжийн бодлого, тогтвортой байдал, хотын захиргаа, орон нутгийн байгууллагуудын хараат бус санхүүжилтийг бэхжүүлэх, бүс нутгуудийн өрсөлдөх өндөр чадвар, орон нутгийн нийгэм эдийн засгийн уялдаа холбоог сайжруулах зэрэг олон асуудлуудыг шийдвэрлэж чадна хэмээн үзэж байна.
Европын Холбооны 2014 оны нэгдсэн төсвийн 45 хувийг бүс нутгийн бодлогыг дэмжих санхүүжилтэнд зарцуулах ажээ. Уг бодлогыг Европын Холбоо төрөл бүрийн хөтөлбөр, төслийн хүрээнд хэрэгжүүлэх юм байна.
А.Амартүвшин
Сэтгэгдэл ( 0 )