Хятад улс байлдааны сөнөөгч онгоцуудаа Мьянмар улс руу илгээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Сөнөөгч онгоцоо илгээж буй шалтгаан нь өнгөрсөн амралтын өдөр Мьянмар улстай хиллэдэг Хятадын Юньнань мужийн Линсанг тосгоны ойролцоох ногооны талбайд дэлбэрэлт болж, хятадын дөрвөн иргэн амиа алдсантай холбоотой аж. Энэхүү бөмбөгийг Мьянмарын цэргүүд тэсэлсэн хэмээн Хятадын талаас мэдээлжээ. Дэлбэрэлтийн дараа БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Чан Ванцюань, Мьянмарын Батлан хамгаалахын сайдтай утсаар ярьж, дургүйцлээ илэрхийлсэн байна. Мьянмарын цэргүүд Хятадтай хиллэдэг Кокангт бүсэд зэвсэгт босогчидтой тэмцэж байхдаа хэд хэдэн бөмбөг тэсэлсэн байна. Дэлбэрэлтийн үеэр энгийн иргэд амиа алдсан байж болзошгүй хэмээн Мьянмарын талаас мэдээлжээ. Батлан хамгаалахын сайд Чан Ванцюань “Хэргийн шалтгаан илрэх хүртэл Хятадын сөнөөгч онгоцууд Мьянмартай хиллэдэг бүс нутгуудад ажиллах болно” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )