Исламын улсын хэт даврагчид даваа гарагт Ливи улсын Сирт хот дахь Ибн Сина эмнэлэг рүү дайрч, 20 ажилтныг хулгайлсан гэж эмнэлгийн удирдлага мэдэгдлээ. Зэвсэг агссан 30 гаруй дайчин эмнэлгийн гадна автобусанд суух гэж байсан ажилтнууд руу дайрчээ. Гэхдээ эдгээр хүмүүс нь Ливи улсын иргэд биш байсан гэнэ. Барьцаанд орсон хүмүүсийн ихэнх нь Филиппин, бусад нь Украин, Энэтхэг, Серби улсын иргэд байсан гэж Ибн Сина эмнэлгээс мэдэгджээ. Исламын улсын босогчид барьцааны хүмүүсийг хотоос авч явахгүй гэж албаны хүмүүс таамаглаж байна. Учир нь тэдгээр хүмүүсээс өөр эмнэлгийн тусламж үзүүлэх чадвартай эмч, мэргэжилтэн хотод үлдээгүй гэнэ. Сирт хот нь Трипол, Бенгази хотуудын дунд оршдог бөгөөд Ливийн иргэний дайны үеэр Муаммар Каддафигийн гол түшиц газар болж байжээ. Энэ хотод Каддафи амиа алдсан юм. Хэт даврагчид өнгөрсөн онд тус хотыг хяналтандаа авчээ.
Сэтгэгдэл ( 0 )