Зохиолч Валентин Распутиныг нутагт нь оршуулна

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 18

   ОХУ-ын алдарт зохиолч Валентин Григо́рьевич Распутин энэ сарын 14-нд 78 насандаа Москвагийн нэгэн эмнэлэгт таалал төгсчээ. Тэрбээр социалист хөдөлмөрийн баатар, ЗХУ-ын төрийн хошой шагналт, ОХУ-ын төрийн шагналт зохиолч  байв. Түүний “Насаараа дурсаж яваарай”, “Марияад өгөх мөнгө”, “Франц хэлний хичээл”  зэрэг зохиол бүтээлээр нь монгол уншигчид сайн мэддэг билээ.

Тэрбээр 1937 онд Эрхүү мужийн Усть-Удинскийн районд төрж өссөн, төрөлх нутагтаа насаараа ажиллаж амьдарсан “Тосгоны” хэмээх тодотголтой зохиолчдын нэг байв. Дашрамд дурдахад В.Шукшин бас ийм “тосгон”-ы зохиолчдын нэг байв. Тэдний зохиол бүтээлд Сибирийн унаган ахуй, тосгоныхны жинхэнэ ориг аж амьдрал, үг хэллэг, эвдрээгүй зан төрх нэвт шувт туссан байдаг билээ.

Тэрбээр 1989 онд  Оросыг ЗХУ-ын бүрэлдэүүнээс гаргах тухай саналыг ЗХУ-ын Ардын Депутатуудын Их Хуралд дээр анх удаа дэвшүүлэн тавьж байсан шинэчлэгч үзэлтэн байв.

Алагтай эрээнтэй байдаг хорвоод тэр дандаа амжилт аз жаргалаар цалгиж байсангүй. 2006 онд Эрхүүгийн нисэх буудал дээр болсон  онгоцны аваарын үеэр 35 настай охин, хөгжмийн зохиолч, хөгжимчин Мариягаа алдаж, 2012 онд эхнэр Светлана нь нас баржээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон төр засгийн удирдагчид Валентин Распутинтэй салах ёс гүйцэтгэжээ. Зохиолчийг төрөлх нутагт нь маргааш оршуулах аж.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.176) 2015 оны 03 сарын 18

Тундаг зохиолч байсан даа. Насаараа дурсаж яваарай нь маш сайхан кино болсон байсан.

0  |  0
Top