Украины экс ерөнхийлөгч Виктор Януковичийн бага хүү ОХУ-ын Эрхүү мужид Байгаль нууранд живж нас барсан тухай Киевийн албаныхан мэдээлжээ. Орос болон Украины хэвлэлд мэдээлснээр бага Виктор нэгэн спортын арга хэмжээний үеэр Байгаль нуурын мөс цөмөрсний улмаас автомашинтайгаа живж нас барсан гэнэ. Түүнтэй хамт автомашинд байсан таван хүн эсэн мэнд гарсан тухай Украины “Levvy Bereg” сайтад мэдээлжээ. Харин Оросын “RBK” сайтад энэхүү осол өнгөрсөн бямба гаригт болсныг мэдээлсэн байна. 31 настай бага Виктор Янукович экстрим спортод сонирхолтой нэгэн байжээ. Виктор Януковичийн бага хүүгийн үхэл Украины экс ерөнхийлөгчийн холбоотнууд ээлж дараагаар амиа хорлож, нас барсан дуулиантай холбогдож, олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Украинд сүүлийн хоёр сарын хугацаанд экс ерөнхийлөгч Виктор Януковичийн хүрээллийн зургаан албан тушаалтан “учир битүүлгээр” амиа хорлосон гэгдэж буй юм. Украины экс ерөнхийлөгч Виктор Янукович өнгөрсөн 2014 оны хоёрдугаар сард төрийн эргэлтээр суудлаасаа бууснаар ОХУ-руу зугтан гарсан юм. Түүнийг олон сая ам.долларыг шамшигдуулсан хэрэгт Украины эрх баригчдын хүсэлтээр Интерполоор эрэн сурвалжилж буй.
Сэтгэгдэл ( 0 )