“ХАА-н төслийн санхүүжилт” зөвлөгөөн шинэчлэлт өөрчлөлтийг эрэлхийлж байв

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 24

Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 13 хувийг  хөдөө аж  ахуйн салбар дангаараа бүрдүүлдэг ч энэ салбарт шинэчлэлт өөрчлөлт ихээхэн шаардлагатай  байгаа билээ. Гэсэн ч арилжаааны  банкууд хөдөө, аж ахуйн салбарыг эрсдэл өндөртэй гээд зээл олгохдоо хойрго, хөшүүн ханддаг. Тиймээс  “Голомт банк” санаачлан  өнгөрөгч  пүрэв гаригт буюу гуравдугаар сарын 19-нд “Хөдөө аж ахуйн төслийн санхүүжилт” сэдэвт зөвлөгөөн зохион байгуулсан юм.

Төр засгийн төлөөлөл болон олон улсын санхүүгийн байгууллагууд, хөдөө аж ахуйн салбарынхан оролцсон уг зөвлөгөөний үеэр тус салбарын онцлог, санхүүжилт хийх арга хэрэгсэл хэлбэрийн талаар мэдээлэл хийсэн. Өөрөөр хэлбэл, төр засаг нь бодлогоо, банк санхүүгийн салбарынхан санхүүгийн ямар боломж буйг, ХАА-н салбарынхан салбараа хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан гэсэн үг. Мөн олон улсын туршлагаас ч судалж, суралцсан гэхэд болно.  

“Голомт банк” нь өөрийн эх үүсвэрээс хөдөө аж ахуйн салбарт маш бага зээл олгодог ч 2006 оноос гадны санхүүгийн байгууллагаас хэрэгжүүлдэг, хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгосоор иржээ. Мөн Засгийн газраас  хөдөө аж ахуйн салбараа дэмжихээр хэрэгжүүлж ирсэн төсөл хөтөлбөрүүдэд хамтран оролцож, дамжуулан зээл олгож байсан байна. Тухайлбал “Атрын-III аян”-ыг зарлах үед хөнгөлөлтэй, урт хугацаатай зээл олгож газар тариалангийн салбарыг хөл дээр нь босгоход хувь нэмрээ оруулж ажилласан байдаг. Түүнээс гадна Жижиг, дунд үйлдвэрийн сан болон Азийн хөгжлийн банк хөдөө аж ахуйн салбарт олгосон зээл, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, ноолуурын эргэлтийн хөрөнгө, арьс ширний салбарт зориулсан зээл, Чингис бондын хөрөнгөөс хөдөө аж ахуйн таван салбарт зээл өгсөн, 7-9 хувийн хүүтэй урт хугацаатай төгрөгийн зээлүүд гэх зэргээр бусад банкуудаас  давуу тал олонтойг дурдах  хэрэгтэй юм.

Тухайлбал “Голомт банк” нь хөдөө аж ахуйн салбарт 275 тэрбум төгрөгийн зээлийг дамжуулан олгосон аж.

Эдийн засгийн хямралтай байгаа энэ үед тус банкныхан хамгийн эрсдэлтэй гэгддэг хөдөө аж ахуйн салбарт анхаарлаа хандуулсан нь зөвхөн

банкны эрх ашгийн үүднээс бус хөдөө аж ахуйн салбарынхныг банктай харьцаж сургах, олон улсын санхүүгийн байгууллагаас зээл авахын тулд ямар мэдлэгтэй байх ёстой вэ гэдгийг энэ салбарынханд  ойлгуулахыг зорьсон нь жинхэнэ нүдээ олсон ажил гэж “Хөдөө аж ахуйн төслийн санхүүжилт зөвлөгөөн”-д оролцогчид үзэж байсан юм.

            Тус зөвлөгөөнд оролцогчдоос “Олон улсын санхүүгийн корпорацийн Санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн дарга С.Батмөнхийн илтгэл олны анхаарлыг татсан нь энэ төрлийн үйлчилгээ нэлээд хэрэгтэй, үгүйлэгдэж байгааг харуулж байсан гэж хэлж болно.

 

С.Батмөнх: Хууль батлагдсанаар хөдлөх хөрөнгөө зээл авах боломж бүрдэнэ

Зөвлөгөөний завсарлагаанаар түүнээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Таны илтгэл зөвлөгөөнд оролцогчдын анхаарлыг нэлээд татсан нь энэ салбарт санхүүгийн харилцааг хөгжүүлэх асуудал  маш чухал  гэж ойлгогдож байна л даа.

-Бид зөвхөн хөдөө аж ахуй ч биш, ер нь санхүүгийн салбарт хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг бий болгохыг зорьж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ салбарт байгаа их хэмжээний хөдлөх хөрөнгийг санхүүгийн байгууллагууд зээлийн барьцаанд авдаг болох арга замыг шийдвэрлэх байх гэж харж байна. Ингэснээр газар тариалан эрхлэгчид болон фермерүүд өөрт байгаа хөдлөх хөрөнгөө барьцаалаад санхүүгийн байгууллагаас зээл, санхүүжилт авах боломж бүрдэнэ гэсэн үг.  

-Хөдөө аж ахуйн салбарынханд санхүүгийн байгууллагууд төлийлөн итгэдэггүй. Энэ нь  хууль эрх зүйн орчин нь сул, бараг байхгүйтэй холбоотой  болов уу?

-Энэ чиглэлээр нэлээд ажилласан. Хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох шаардлага нэн түрүүнд байна. Энэ бол бас л нэг бэрхшээл. Тиймээс  Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны эрхийн тухай хуулийн төслийг эхний байдлаар боловсруулж  УИХ-д өргөн барьсан. УИХ-ын  хаврын чуулганаар хэлэлцэх байх.

-Хууль батлагдсан ч хэрэгжүүлэх явцад нэлээд асуудал, хүндрэл гардаг. Тэгэхээр танилцуулахаас эхлээд багагүй ажил ундрах  байх даа?

-Бидний харж буйгаар хаврын чуулган эхлэхээс өмнө санал асуулга, хэлэлцүүлгийг нэг, хоёр удаа зохион байгуулах, хууль батлагдсан ч сурталчлах зэрэг  нэлээд ажлууд хийгдэнэ. Яагаад гэхээр хэдийгээр хууль батлагдсан ч барьцааны хөрөнгийг бүртгэдэг онлайн систем бий болгох юм. Мэдээж шинэ ажил эхлүүлж байгаа учраас оролцогч талууд буюу санхүүгийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийг оролцуулж өргөн хэмжээний мэдлэг олгох сургалтууд зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, бүх талын бэлтгэлийг хангаж, саадгүй ашиглахад бэлэн болгоно гэсэн үг. Ер нь хууль батлагдахаас эхлээд багагүй цаг хугацаа шаардагдах нь мэдээж шүү дээ.  

-Тэгэхээр  хөдөө аж ахуйн салбарын санхүүжилтийн яг өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийсэн байгаа байх. Энэ талаар та юу хэлэх бол?

-Энэ талын мэдээлэл банк, санхүүгийн байгууллагад илүү дэлгэрэнгүй бий байх. Бидний дүгнэснээр санхүүгийн байгууллагынхан хөдөө аж ахуйн  салбарынханд  өөрсдийнхөө эх үүсвэрээс тэр бүр зээл олгох сонирхолгүй байдаг. Барьцаа хөрөнгийн шаардлага хангах аж ахуйн нэгж маш ховор болохоор энэ салбар өөрөө маш эрсдэлтэй. Өнөөгийн байдлаар хөдөө аж ахуйн салбарын санхүүжилт нь Засгийн газар болон бусад байгууллагын төсөл, хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлүүд л байдаг.  

-Олон улсын түвшинд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ? 

-Хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн сүлжээг өндөр хөгжилтэй орнууд төгс утгаар нь ашигладаг. Энэ нь гол оролцогчид нь санхүүжилтээ өгөөд явчихдаг нэг систем. Бид хуулиа даруйхан батлуулчихвал Монгол Улсад нийлүүлэлтийн сүлжээг ашиглана гэж харж байгаа. Тийм болохоор хууль нэн чухал байна.

Тэрбээр уг зөвлөгөөний үр дүн, ирээдүйг тооцон харж ийнхүү ярьсан юм. Тэгэхээр хаврын чуулган эхлэхтэй  зэрэгцэн Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны эрхийн тухай хууль хэрхэн хэлэлцэгдэхийг ХАА-н  салбарынхан амьсгаа даран хүлээх нь.

Түүнтэй ярилцсаны дараа ХАА-н салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүдтэй  уг зөвлөгөөний үр дүнг хэрхэн төсөөлөн харж  байгаа талаар  тодруулсан юм.

 

И.Ханымхан: Арьс  ширний төсөл дээр долоон хувийн хүүтэй зээл өгч байгаа

(ХАА-н үйлдвэрлэлд ШУ-ны ололт нэвтрүүлэх төвийн  ХАА-н үйлдвэрлэлийн төслийн нэгжийн дарга)

-Та өнөөдрийн энэ зөвлөгөөний үр дүнг  хэрхэн харж  байна вэ?

-“Голомт банк” Засгийн газрын Чингис бондоор болон бусад олон улсын байгууллагын санхүүжилтээр хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа төслүүдийн санхүүжилт, түүний үр дүнгийн талаар ярилцаж  санаа бодлоо сонсох, цаашид яаж  санхүүжүүлэх, юун дээр  анхаарах вэ гэдэг дээр  ярьж байна.

Миний илтгэлийн гол санаа нь Чингис бондын санхүүжүүлэлтээр  манай салбарт хэрэгжүүлж  байгаа төслүүдийн хэрэгжилт үр дүнгийн тухай  байлаа. Тухайлбал, сүү сүүн бүтээгдэхүүн, хүлэмжийн аж ажуйн  тухай  ярилаа. Энэ хоёр төслийг  хэрэгжүүлснээр  дотоодын хүнсний хангамж сайжрах, импортоор авах  бүтээгдэхүүн буурч,  экспортонд гарах бүтээгдэхүүн нэмэгдэх юм. Дээрээс нь үүнийг дагаад техник технологи орж  ирж  байгаа. Орчин  үеийн шаардлага хангасан сүүний  гурван том үйлдвэр, 14 цех ашиглалтад орсон. Мөн сүүний 20 гаруй  эрчимсэн аж  ахуй  бие дааж бий болсон.  Энэ нь гадаадаас өндөр үнэтэй  цэвэр үүлдрийн 300  гаруй үнээ оруулж  ирсэнтэй холбоотой. Тэдгээр үнээнүүдээс  30- 40 литр сүү гардаг. Дунджаар бол 18-20 литр сүү авдаг юм.

-Хөдөө аж ахуйн салбарынхан “Голомт банк”-ийг  сонгосон шалтгаан нь юу  юм бэ?

-Тухайн үедээ Засгийн газар  арилжааны  бүх  банкнуудаас  Хөдөө аж ахуйн төслийн санхүүжилтийн зээлийн хүүгийн талаар  санал авсан. Ихэнх банк  жилийн хүүг  12-оос дээш хувиар олгоно гэсэн хариу өгсөн. Харин “Голомт банк”  найман хувийн  хүүтэй зээл  олгох боломжтой гэсэн. Ингээд ҮХААЯ “Голомт банк”-тай ярилцаад, зээлийн жилийн хүүг найман хувиар тохирч  тус банкаар дамжуулан өгсөн. Голомтынхон дараа нь арьс  ширний төсөл дээр долоон хувийн хүүтэй зээл өгч байгаа.

Хэдийгээр энэ нь бусад банкуудаас давуу талтай ч ганц банкаар дамжуулж өгөх нь хугацаа алдах асуудалтайг бас бодолцож  арилжааны  олон банкуудыг  оролцооч гэсэн байгаа.

 

Б.Шүрэнцэцэг: Нүдээ олсон их сайн ажил болж байна   

(“Грийн вежетал” ХХК-ийн үйлдвэрийн менежер)

- Грийн  вежетал” компани энэ зөвлөгөөнөөс ямар үр дүн хүлээж байгаа бол?

-“Голомт банк”-наас зохион байгуулж байгаа энэ зөвлөгөөнийг  хөдөө аж ахуйн салбарынхан хүсч байсан нь мэдээж. Тэгэхээр нүдээ олсон их сайн ажил болж байна гэж хэлмээр байна. Хаа хаанаа маш өндөр ач холбогдолтой, нэлээд үр дүн гарна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр зөвхөн  манай ”Грийн  вежетал” компани л гэхэд битүү хүлэмжийнхээ ач тусыг энд таниулж байна шүү дээ. Бусад аж ахуйн нэгжүүдэд ч ийм байдлаар ач тусаа өгч боломж олдож  байгаа байх.

-Хүндрэл бэрхшээлтэй нэлээд тулгардаг болов уу. Жишээ нь урд хөршөөс өргөст хэмжх, улаан лооль гэх зэргээр  жимс жимсгэнэ,нарийн ногоонуудыг ихээр оруулж ирдэг. Манай  зах зээлд бараг ноёлж байна гэж хэлж болно?

-Санхүүжилтийн асуудал, ер нь л хүндрэл бэрхшээл төсөл  хэрэгжүүлэх явцад гарч байсан. Гэхдээ үүнийг  даван туулахын тулд зах зээлээ өргөжүүлэх,  нарийн ногооныхоо нэр төрлийг  олшруулахыг  зорилгоо болгож ажилласан. Хэдийгээр урд хөршийн хүнсний ногоо манайд нэлээд их хэмжээгээр зарагддаг ч ард иргэд маань эрүүл хүнсний ач тусыг мэдэрч, чухалчилж байна. Энэ нь эрүүл мэнддээ оруулж буй том хөрөнгө оруулалт шүү дээ.

-Танай компанийн давуу тал нь юу вэ?

-Давуу тал нь бүтээгдэхүүн мааньцэвэр органик, өдөр бүр шинэ. Гадна  тариалалт  агаарын болон хөрсний бохирдол хортон шавьжинд амархан өртөмтгий  байдаг бол манай битүүжилсэн хүлэмж нь  үндсэндээ дээрх  бохирдлуудад өртөхгүй.  Яагаад органик байж  чадна гэхээр  бүтээгдэхүүнээ  ургуулахдаа   ямар нэгэн химийн  бодис хэрэглэдэггүй,  хүлэмжийн доторх  цэвэрлэгээ үйлчилгээг  ямар ч химийн бодис хийлгүй зөвхөн усаар  цэвэрлэдэгт буй юм.

 

О.Амарцэнгэл: “Голомт банк “нааштай алхам хийх гэж байна

(Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн)

-Хөдөө аж ахуйн салбарын нэгэн эд эсийн хувьд та энэ зөвлөгөөний  үр дүнг хэрхэн төсөөлж  байгаа  бол?

-Энэ салбарынхны хамгийн тулгамдсан асуудал бол санхүүжилт. Яагаад гэхээр  ихэвчлэн жижиг, дунд аж ахуйн нэгжүүд энэ салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Төр засгаас хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудад байршууллаа гэхэд жижиг дунд фермерүүд очоод зээл авах гэхээр үл хөдлөх хөрөнгийн барьцаа нэхдэг. Энэ нь  эргээд тус салбарын хөгжилд тушаа болдог. Харин сүүлийн үед энэ гацааг гаргахын тулд олон улсын санхүүгийн байгууллагуудаас нэлээд хүчин чармайлт тавьж байна.

 “Голомт банкнаас зохион байгуулж байгаа  энэ зөвлөгөөнд хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг  хэн бүхэн оролцож байгаа нь тун сайшаалтай юм. Ингэснээр дээр хэлсэн гацаанаас гарах арга замыг боловсруулахад нэг алхам урагшилна гэж би хувьдаа үзэж байгаа юм.

-Танай холбооныхныг  санхүүжүүлж, хөрөнгө оруулалттай болгохын тулд хэрхэх нь хамгийн зөв, зүйтэй алхам гэж та үзэж байна вэ?

-Санхүүжилтийг жижиг дундынханд хүртээмжтэй олгох, зээлийн барьцааны дарамтгүйгээр бага хэмжээний зээл олгоод, түүгээрээ аж ахуйнхаа эдийн засгийн үр ашиг, өгөөжийг эрс дээшлүүлэх боломжийг хайн төсөл боловсруулж, бодлого гаргачихсан. Түүндээ эх үүсвэр эрэлхийлсээр байгаа. Зөвлөгөөнд оролцогчидтой уулзаж, санал солилцлоо. Зарчмын хувьд бүгд дэмжиж байна.

Олны анхаарлыг хөдлөх хөрөнгийн барьцааны тухай асуудал зүй ёсоор татаж байгаа. Дээрх хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэгдэх байх гэж яриад байна. Гэхдээ энэ чинь хоёр жилийн өмнө бэлэн болчихсон гэж байсан юм шүү дээ. Тэгэхээр нэлээд удаашралтай явагдаж байгаа биз дээ. Энэ салбарын жижиг, дундынханы санхүүжилт авах, хөл дээрээ босох ганц арга нь л хөдлөх хөрөнгө гэдгийг олон улсад баталчихсаныг шийдвэр гаргах түвшнийхэн мэдэж л байгаа. Бидний хувьд банкны зээлээс өөр санхүүжилт авах боломжгүй шүү дээ. Өнгөрсөн жил хөдөө аж ахжйн салбарын нэг зөвлөгөөний үеэр тоног төхөөрөмжийн түрээсийн талаар яригдаж байсан. Тэр бол их боломжийн санал. Өөрөөр хэлбэл худалдаж авч буй хөдлөх хөрөнгөө барьцаалаад эргэлтэд оруулж байгаа болохоор банкны зээлийн хатуу шаардлагаас тойрох боломжтой юм билээ. Одоо жижиг, дунд фермерүүдийг хөгжүүлье гэвэл хөдлөх хөрөнгийн барьцаатай холбоотой хуулиа яаравчлуулж, банкууд эрх зүйн орчны хүрээнд зээл өгдөг болох хэрэгтэй  байна. Санхүүгийн түрээсийн асуудал энэ салбарыг хөгжүүлэх гол хөшүүрэг гэдэг нь харагдаж байхад хүлээн зөвшөөрөөд, гадаадын зээл тусламжийн үлэмж хэсгийг энэ бизнес рүү оруулж өгөөсэй. Ийм хүлээлт ч байна.

-Хойд урд хөрш маань сүүний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Гэтэл манайд энэ бизнес хөгжих боломж нь хэр байдаг юм бол?

-Монгол Улсын зах зээлийн 80 хувь нь импортын хуурай сүүгээр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Ердөө л  хорьхон хувь нь үлдэж байна. Энэ нь ямар эрэлттэй зах зээл байгааг харуулж байна шүү дээ. Гэтэл бид энэ зах зээлийг ашиглая гэхээр нөгөө л барьцаа хөрөнгийн асуудлаас болоод таг суучихаж байгаа юм.

Манай холбооныхон ҮХААЯ-ныхантай ярилцаж байгаад 25 сая ам.долларын хөрөнгө шийдвэрлүүлээд “Голомт банк”-нд  байршуулсан. Гэтэл гучхан хувийн ашиглалттай явж байх жишээтэй буюу 2-3 томоохон аж ахуйн нэгж л авсан. Тиймээс энэ тал дээр “Голомт банк “нааштай алхам хийх гэж байна гэж миний хувьд ойлгож байгаа. Угаасаа банкны зүгээс боломж нээж өгөх гэхээр хууль эрх зүйн орчин нь ийм байхад яалтай билээ.

Уг зөвлөгөөний үеэр үзэсгэлэнгийн танхим багагүй хөл хөдөлгөөнтэй байв. Тэнд тус банкны зээлд хамрагдан үйл ажиллагаа нь нэлээд эрчимжиж, хүрээгээ тэлж  байгаа ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, хөдөө аж ахуй, газар тариалангийн  техник тоног төхөөрөмж нийлүүлдэг  гадаад дотоодын байгууллагууд өөрсдийн сурталчилгаагаа явуулж  байсан юм.

 “Голомт банк” энэ салбарыг хөгжүүлэх, цаашлаад улс эх орны хөгжилд хувь нэмрээ оруулахыг ийн зорьсны зэрэгцээ хөдөө аж ахуйн таван салбарт зээл олгож байх явцдаа дотоодын нөөц бололцоогоо ашиглан экспортод гаргах эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтойг ч олж харсан байдаг.

Зөвлөгөөний үеэр ХАА-н салбарынхан тулгамдаж байгаа бэрхшээлээ хэлж байсан бол "Голомт банк”-ны зүгээс “Хөдөө аж ахуйн салбараас экспортод гарч байгаа бүтээгдэхүүн нийт экспортын дөнгөж  зургаан хувийг эзэлж байна. Үүнийг  30 хувьд хүргэхийн тулд энэ  салбараа дэмжиж, хөгжүүлэх хэрэгтэй. Дэлхийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл аж ахуйн нэгжийн орлого өсөхөөс гадна ажлын байр нэмэгдэнэ. Иймд хөдөө аж ахуйн салбарынхан банктай харьцах хандлагаа өөрчлөх ёстой. Тухайлбал, энэ салбарынхан юун түрүүнд бүтээмжээ өсгөх аргад суралцах хэрэгтэй бөгөөд өндөр хүчин чадалтай техник, технологитой байх шаардлага байна” гэх зэргээр  онцолж байв. Харин зөвлөгөөнд оролцогчид хаа хаанаа  шинэчлэлт өөрчлөлт нэн хэрэгтэйг өгүүлсэн жинхэнэ нүдээ олсон ажил болоо” хэмээн дүгнэж байсан юм.

 

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top