Твиттер нь богино текстэд багтаан мэдээ мэдээлэл түгээх, санал солилцох, асуулга явуулах, олон нийттэй харилцах томоохон цахим орчин юм. Фэйсбүүк шиг нарийн хяналтгүй учир бусдыг гүтгэх, доромжлох мөн хэрүүлийн шинжтэй жиргээнүүд өдөрт хэдэн саяараа бичигддэг учир энэхүү асуудлыг шийдвэрлэхээр түлхүүр буюу тохиргоо бий болгож байгаа аж. Уг түлхүүрийг баталгаажуулах хэрэглэгчид твиттерийнхээ тохиргооноос шүүлтүүр хийх хувилбарыг сонгосоноор таныг заналхийлэх, доромжлох, өдөөн хатгасан үг болон хэн нэгэн сэжигтэй этгээд таны дансны мэдээллийг хүсэх зэргийг илрүүлэх алгоритмыг идэвхжүүлэх юм байна. Уг шүүлтүүрийг Apple-ийн гар утасны Twitter-ийн програм дээр одоогоор ашиглах боломжтой аж. Энэхүү шүүлтүүрийг бий болгосноор твиттер дэх хэрүүл, сүрдүүлэг, луйврын гэмт хэргийг илрүүлэх боломж нээгдэнэ хэмээн үзэж байгаа юм. “Твиттер”-ийн гүйцэтгэх захирал Дик Костоло хэлэхдээ “ Нийгмийн сүлжээ болсон Твиттерт хэд хэдэн сул тал байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ удаагийн оролдлого одоо байгаа нөхцөл байдлыг дээрдүүлнэ гэдэгт итгэж байна. Нийгмийн сүлжээн дэхь хүчирхийллийг арилгах гэсэн зорилготой юм” гэсэн байна. Удахгүй энэхүү түлхүүрийг хэрэглэгчдэд хэрхэн ашиглах зааврыг танилцуулах аж.
Сэтгэгдэл ( 0 )