Онгоц осолдох үед нэг нисгэгч нь байхгүй байжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 26

 Эрлийн багийнхан мягмар гарагт Альпийн нуруунд осолдсон онгоцны нэг хар хайрцгийг шинжлэн үзжээ. Хар хайрцагт бичигдсэн мэдээллээр бол онгоц осолдохоос өмнө хоёр нисгэгчийн нэг нь онгоцны бүхээгээс гарч яваад эргэж орох оролдлого хийсэн байжээ. Гаднаас орох гэж байсан нисгэгчид хэн ч туслаагүй бөгөөд тэнд хаалга онгойлгохыг оролдож буй дуу чимээ л сонсогдож байсан гэж мөрдөн байцаагчид мэдээлжээ. Гэвч нисгэгч юуны учир бүхээгээс гарч явсан хийгээд яагаад эргэн орж чадаагүй талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна. Харин осол гарах үеэр бүхээгт ганц нисгэгч байсан нь баттай боллоо гэж албаны хүмүүс мэдэгдсэн юм. Airbus A320 орон нутгийн цагаар 10:00 цагт хөөрсөн бөгөөд 10:53 цагийн үед радарт харагдахаа больсон гэнэ. Радарын мэдээллээс үзэхэд онгоц 11500 метрийн өндрөөс 2100 метр хүртэл ердөө найман минутын дотор өндрөө алдсан байжээ. Ийнхүү огцом доошилсон нь түлш, хөдөлгүүрийн гэмтэлтэй холбоотой байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байгаа аж. Шинжээчид онгоцны сүүл хэсэгт байрладаг хоёр дахь хар хайрцаг олдвол ослын шалтгаан тодорхой болно хэмээн найдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top