Саудын Араб Санаа хотыг бөмбөгджээ

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 26

Саудын Араб улс Арабын холбоотон улсуудын хамт хөрш Иемен улсад цэргийн ажиллагаа явуулахаа  мэдэгдлээ. Энэхүү цэргийн ажиллагаанд 10 гаруй орон нэгдэж байгаа бөгөөд Йемений Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хадигийн Засгийн газарт дэмжлэг үзүүлнэ  гэж АНУ-д суугаа Саудын Арабын Элчин сайд Абдел Аль Жубэйр мэдэгджээ.  Харин АНУ тус цэргийн ажиллагаанд биечлэн оролцохгүй бөгөөд Вашингтон тэдэнд зөвлөгөө өгч ажиллах юм байна. Йемений Ерөнхийлөгч Хадиг хаана толгой хоргодож байгааг Саудын Араб улсын Элчин сайд мэдээлээгүй байна. Ерөнхийлөгч Хади өнгөрсөн долоо хоногт есдүгээр сараас эхлэн  нийслэл Санаа хотод хяналтаа тогтоосон исламын шийт шашны Хути бүлгийнхний шахалтанд оржээ. Өнгөрөгч лхагва гарагт босогчид Йемен улсын өмнөд хэсгийн Аден хот руу дайралт хийсэн юм. Тус хотод өнгөрсөн сараас эхлэн Иемен улсын Ерөнхийлөгч Хади дүрвэн амьдарч байжээ. Иймээс Йемений Ерөнхийлөгч хөрш зэргэлдээ Саудын Араб болон бусад суннит шашинтай орноос Хути бүлгийн эсрэг тэмцэхийг хүссэн юм. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Саудын Арабын байлдааны онгоцууд Йемений нийслэлийн онгоцны буудал болон армийн цэгүүдийг бөмбөгдөж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Санаа хот дахь Дулэймийн цэргийн баазыг хамгийн түрүүнд бөмбөгдсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top