АНУ-ын Мичиганд олон зуун хүн хар арьст тэмцэгчийг зодсон хоёр цагаан арьст цагдааг ажлаас халахыг шаардан жагсаж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард баривлагдсан 57 настай жагсагч Флоид Дентийг цагдаа нар нийлж зодож буй бичлэг өчигдөр олон нийтэд цацагдсаны дараа ийнхүү олон хүн жагсахад хүрсэн байна. Хожим задарсан бичлэгт нэг цагдаа Флоид Дентийг газар хэвтүүлэн барьж байх зуур нөгөөх нь толгойд нь олон удаа цохиж зодож байгаа нь бичигджээ. Мөн ёс бус энэ үйлдлээ Уэйнь дүүргийн Инкстер хотын гадаа гудамжинд хийхдээ хүн ирж яваа эсэхийг харж байгаа нь бичлэгт тод дүрслэгдсэн байна. Сүүлийн саруудад Фергьюсон, Миссури, Нью-Йорк хотуудад цагдаа нар ажиллагааны үеэр гэмгүй хар арьст хүмүүсийг буудан хөнөөсөн нь арьс өнгөөр ялгаварлах асуудлыг Америкийн нийгэмд өргөн хэлэлцэхэд хүргэсэн юм. Хохирогч Флоид Дент өчигдөр телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Цагдаа нар намайг алах нь хэмээн бодож байсан. Одоо амьд байгаадаа би азтай хүн” хэмээн ярьжээ. Тэрээр зодуулсны улмаас нүүр, толгойдоо авсан гэмтлээ эмчлүүлэхийн тулд хоёр өдөр эмнэлэгт хэвтсэн байна. Цагдаа нар түүнийг машины суудал дороос нь хар тамхи олсон тул баривчилсан хэмээн мэдүүлж байгаа бол Флоид намайг баривчлахын тулд зориудаар хар тамхи гаргаж ирсэн хэмээн мэдээлжээ. Инкстер хотын Цагдаагийн дарга хоёр цагдааг шалгахаар болсон байна. 25 мянган хүн амтай тус хотын оршин суугчдын 73 хувь нь хар арьстнууд юм.
Сэтгэгдэл ( 0 )