Лондоны металлын бирж дээр аж үйлдвэрийн гол метал болох зэсийн үнэ нэг тонн нь өчигдрийн байдлаар 6,200 ам.доллар давж өсчээ. Зэсийн шууд худалдааны үнэ 6,230 ам.доллар, гурван сарын гэрээт үнэ 6,215 ам.долларт хүрчээ. Зэсийн үнэ өнгөрсөн долоо хоногийн Пүрэг гарагаас эхлэн өссөөр ганцхан долоо хоногт 5,675-6,215 ам.долларт хүрч өсөөд байна. Үнэ ийнхүү өссөн нь АНУ, Европ, Хятадын төв банкны мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх бодлогын дүнд зэсийн эрэлт нэмэгдэж магадгүй гэсэн итгэл хөрөнгө оруулагчдын дунд төрсөнтэй холбоотой гэж зарим шинжээч үзэж байна. Ингэснээр зэсийн үнэ сүүлийн бараг гурван сарын хамгийн өндөр үнэд хүрч буй юм. Гэхдээ энэ зуур зарим судалгааны байгууллага зэсийн үнийн 2015 оны таамгаа буурууллаа. Тухайлбал Morgan Stanley байгууллага энэ оны зэсийн үнийн таамгаа 16%-иар бууруулж 5,945 ам.доллар болгожээ. Уг нь тус байгууллага оны эхээр таамаг дэвшүүлэхдээ зэсийн үнэ энэ оны сүүлээр 7,049 ам.долларт хүрч өснө гэсэн өөдрөг төлөвийг дэвшүүлж байсан юм. Barclays ч бас энэ онд зэсийн үнийн төлөв тийм ч сайнгүй байж мэднэ гэж мэдээллээ. Уг нь он гарахын өмнөхөн судалгааны байгууллагуудын төлөвөөр бол зэсийн үнэ 2015 онд 6,500-6,800 ам.доллар/тонн байна гэж гарч байсан билээ. Зах зээл дэх зэсийн тоглолт санасныг бодвол тийм ч сайнгүй байгаа ч өнгөрсөн долоо хоногийн хандлага нь мэдэгдэхүйц эерэг дохио өгч чадлаа. Лондоны металын бирж дэх зэсийн нөөц сүүлийн жил гаруй хугацаан дахь хамгийн дээд хэмжээнд буюу 340 мянган тоннд хүрээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )