Өчигдөр өглөө Аль-Шабааб бүлэглэл Кенийн зүүн хойд хэсгийн Гарисса хотын их сургуулийн коллежийн кампуст халдаж, 147 оюутанг хөнөөжээ. АК-47 буугаар зэвсэглэсэн багтай дөрвөн дайчин кампуст гал нээж, оюутнуудыг барьцаалсан аж. Кенийн цагдаа нар халдлага үйлдэгчдийг устгаж, кампусыг чөлөөлсөн байна. Халдлагын үеэр 79 оюутан шархадсан бөгөөд ес нь маш хүнд гэмтжээ.
Халдлагын дараа Сомалийн хилийн ойролцоох Кенийн дөрвөн мужид цагдаа, цэргийн шөнийн эргүүл ажиллуулж эхэлсэн байна. Түүнчлэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун энэ хэргийг “террорист халдлага” хэмээн нэрлэж, терроризмаас урьдчилсан сэргийлэх, хэт даврагчдын хүчирхийллийн эсрэг НҮБ Кенид туслахад бэлэн байгааг мэдэгджээ.
Аль-Шабаабын лидерүүдийн нэг Мохаммед Куно гэгч нь 2007 онд Кени улсаас явахаасаа өмнө Гарисса дахь исламын сургуулийн захирал байсан аж. Кенийн засгийн газар Мохаммед Куногийн толгойг 217 мянган ам.доллараар үнэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )