Гарисса Их Сургуульд гарсан халдлагын үеэр нас барсанд тооцогдож байсан хэд хэдэн хүн хоёр хоногийн дараа олджээ. Синтиа Черойтих хэмээх 19 настай оюутан бүсгүй хоёр хоногийн турш шүүгээнд нуугдаж, биенд түрхдэг лосьон ууж амьд гарсан байна. Түүнийг халдлага гарснаас хойш 50 цагийн дараа шүүгээнээс олжээ. Болсон явдалд цочирдсон оюутан бүсгүй цагдаа нарыг Аль-Шабааб бүлэглэлийнхэн хэмээн бодож нуугдсаар байсан ба сэтгэлзүйн гүн цочирдолд орсон байжээ. Харин их сургуулийнх нь захирал ирж ятгаснаар түүнийг шүүгээнээс гаргажээ. Ингээд түүнд бага зэрэг сүү өгч, ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. Түүнчлэн халдлагын үеэр нуугдаж амьд гарсан дөрвөн хүнийг өнгөрсөн бямба гарагт олсон гэж албаны хүмүүс мэдээлжээ. Черойтих “Зэвсэгт дайчид оюутнуудаар муслим үг уншуулж байсан. Хэрэв уншиж чадахгүй бол шууд л буудаж, уншиж чадаж байвал амьд үлдээж өөр газар руу явахыг нь зөвшөөрч байсан” хэмээн ярьжээ. Гэвч тэрээр чухам юу болсныг хараагүй бөгөөд зөвхөн дууг нь сонссон байна. “Тэд хаа сайгүй буудаж байсан. Би нүдээ нээж чадаагүй” гэж 19 настай оюутан бүсгүй ярьсан юм.
Сэтгэгдэл ( 0 )