Анхны электрон шил 1000 долларын үнэтэй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Харааны шилний хөгжлийг хувьслын шатанд нь аваачсан дэлхийн анхны электрон шилийг АНУ-ын "Рixel Optics" компани зохион бүтээжээ. Харахад энгийн боловч хажуу талд "еmPower" хэмээх тусгай төхөөрөмж суулгасан нь хол, ойрын тусгалыг өөрчлөхөд зориулагджээ.  Тухайлбал ном, сонин уншихдаа ойрын тусгалыг нь сайжруулж, алсын бараа харахдаа холын тохиргоог нь нэмэх зэргээр тохируулж хэрэглэдэг байна. Энэ нь салбартаа анхдагч бөгөөд шингэрүүлсэн болор бүхий давхаргатай нь төхөөрөмжийн тохируулагч хэсэгтэй хослон ажилладаг гэнэ. "еmРоwег" найман цаг цэнэглэхэд 2-3 хоног саадгүй ажиллах зайгаар ажилладаг бөгөөд хэрэглэгч шилний хүрээнд хүрэх төдийд хол, ойрын харагдац, тусгалыг сайжруулж болдог юм. Энгийн байлгахыг хүсээгүй зохион бүтээгчид  электрон шилийг өнгө, гэрлийн тохиргоотой болгохоор зорьжээ. Мөн шилийг олон хэлбэр, хийц, өнгө, загвартай гаргахаа амлаад байна. Уг шил нь өнгөрөгч гуравдугаар сард Нью-Йорк хотод болсон олон улсын нүдний шил үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн яармагт анх олонд танигдсан юм. Электрон шилийг энэ зунаас АНУ-ын зарим хотод худалдаалж эхлэх гэнэ. Үнэ нь 1000 орчим ам.доллар аж.

А.Туяа.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top