"Дамаск хотын ойролцоох Сакба дүүргээс Засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон 8000 мянган хүнийг баривчиллаа" гэж хүний эрхийг хамгаалах "Ихсан" байгууллагаас мэдээллээ. Энэ явдал Сирийн цагаар мягмар гарагт шилжих шөнө болсон байна. Барууны хэвлэлд өгсөн гэрчүүдийн яриагаар бол Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын ахаар тэргүүлсэн дөрөвдүгээр дивизийн цэргүүд баривчилгааг явуулсан аж. Армийнхан хотод нэвтрэн орж, баривчилгааг эхлүүлэхдээ юуны түрүүнд харилцаа холбооны сүлжээг тасалсан байжээ. Сакба дүүргийн оршин суугчид баривчилгааны үеэр эсэргүүцэл үзүүлээгүй гэнэ. Мөн өнгөрсөн лхагва гаригт Дамаск хотын тойргийн зам дээр хуягт техник болон цэргүүд ачсан ачааны машиныг байрлуулсан байжээ. Ерөнхийлөгчийн энэ үйлдлийг жагсагчдад төрийн эрхэнд байхаа мэдэгдээд, бууж өгөхгүй гэдгээ ойлгуулахыг хичээлээ гэж сөрөг хүчнийхэн үзэж байна. Баривчлагдсан иргэдийн ихэнх нь төрийн эрх ашгийг зөрчсөн гэх хэрэг тулган доод тал нь гурван жилийн ял авч болзошгүй байгаа аж.
А.Туяа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )