Агаарын шүүгч байрлуулах болон реакторын хөрөлтийн байдлыг шалгахаар 12 мэргэжилтэн өчигдөр буюу пүрэв гарагт “Фүкүшима-1” атомын цахилгаан станцын нэгдүгээр реакторын барилгад оржээ. Энэ нь гуравдугаар сарын 11-нд осол болсноос хойш анх удаагаа тус реакторт нэвтэрч байгаа хэрэг юм. Мэргэжилтнүүд барилга дотор 40 орчим минут байжээ.
Өнгөрсөн лхагва гарагт агаарт байгаа цацраг идэвхт бодисыг цэвэрлэх зорилгоор 6 агааржуулагч системийг эрчим хүчний блокт суурилуулсан байна. Эдгээр систем реакторын барилга доторх цагт 10-40 миллизиверт байгаа цацрагийн хэмжээг нэлээд бууруулна гэж шинжээчид тооцож байгаа ажээ. Цацраг идэвхт бодисийн хүний биеийн хувьд байх ёстой хэвийн хэмжээ нь цагт 0,05-0,2 микрозиверт юм. Тус улсын хуульд зааснаар, цөмийн байгууламжид гарсан ослын уршгийг арилгахаар ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хувьд дээрх хэмжээ нь жилд 100 миллизиверт байх ёстой ажээ.
Үдээс хойш агаарын даралтыг өсгөх болон цацраг идэвхт бодис алдагдах явдлыг зогсоох зорилгоор нэгдүгээр реактор руу агаар шахах компрессор байрлуулж дуусчээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )