Хятадад ДОХ-ыг шүлсээр илрүүлдэг болжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

БНХАУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлд хяналт тавих газраас зөвшөөрсний дагуу тус улсад шүлсээр ДОХ-ыг тургэн тодорхойлдог тест худалдаанд гарчээ. Ингэснээр хүмүүс ДОХ-той болсон эсэхийгээ бие даан шалгах боломжтой болж байна.

Бээжингийн эм бэлдмэлийн “Ваньтай” компани, Халдварт өвчнийг оношлох хэрэгсэл болон вакциныг судлах инженер техникийн улсын төвийн хамтран бүтээсэн шинэ бүтээгдэхүүн 30 минутын дотор оношийг тогтоох ажээ. Онош 100 хувийн нарийвчлалтай гарна гэдгийг тус улсын нэр хүндтэй олон байгууллагын явуулсан клиник туршилтын дүн харуулж байна.

“ДОХ-ын вирусыг шүлснээс илрүүлнэ гэдэг нь вирус шүлсээр дамжин халдварлана гэсэн үг биш” гэж дээр дурдсан төвийн орлогч захирал Жан Зюнь тэмдэглээд, ДОХ-ын халдвар авснаас хойш нэлээд хэдэн долоо хоногийн дараа хүний дархлааны систем вирусыг эсэргүүцэх эсрэг биет ялгаруулж байдаг учраас цус, шээс, шүлс, нулимснаас тэр эсрэг биет илэрч болохыг нэмж хэлжээ.

Одоо Хятадад ДОХ-ыг шинжлэн тогтоох бүх хэрэгсэлд цусыг ашиглаж байгаа нь хүн өөрийгөө хянах шаардлагыг хангаж чадахгүй байгаа билээ. Шээс болон шүлсээр өвчтэй эсэхээ тогтоох арга ДОХ-ын халдвар авсан эсэхээ хянах нийт үндэстний болон дэлхий нийтийн чиг хандлага болж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top