Осама бен Ладен эцсийн мөчийг хүртэл «Аль-Каида»-гийн бүх салбарыг хяналтдаа байлгаж, террор үйлдэх төлөвлөгөөнд оролцсоор байсныг түүний гэрт тусгай ажиллагаа явуулах үеэр олсон нэлээд хэдэн дүрс бичлэг нотолж байгааг Америкийн тагнуулын газрын төлөөлөгчид сэтгүүлчдэд мэдэгджээ.
“Пакистаны Абботтабадад байсан бен Ладены гэр удирдлагын төв болдог байжээ. “Аль-Каида”-гийн толгойлогч өөрөө аливаа ажиллагааг төлөвлөхөд идэвхтэй оролцож, тактикийн шийдвэр гаргаж байжээ” гэж Пентагонд болсон хэвлэлийн бага хурал дээр тагнуулын төлөөлөгч мэдээлсэн байна.
Сэтгүүлчдэд террористын гэрийг нэгжих үед олдсон бичлэгүүдээс үзүүлжээ. Тэдгээрийн нэг дээр бен Ладен зурагтын өмнө суугаад өөрийн дүрс бичлэгийг үзэж суугаа харагдана. Өөр нэг бичлэг дээр “Аль-Каида”-гийн толгойлогч дүрс бичлэг хийлгэхээр бэлтгэж байгаа үеийг харуулжээ.
Тагнуулчдын хэлснээр, Осама бен Ладен гадаад үзэмжиндээ их анхаарч, дүрс бичлэг болон гэрэл зураг дээр аятайхан гарахыг хичээдэг байжээ. Хэлэх үг бүрээ нарийн бэлтгэж, бууралтсан сахлаа будаж, бичлэг хийсний дараа хэд хэдэн удаа үздэг байсан байна.Тагнуулын газрын төлөөлөгчид хэвлэлийн бага хурал дээр үзүүлсэн бичлэгийг хуулбарлан олон нийтэд үзүүлэх, хэвлэлийн бага хурлын бичлэг болон гэрэл зургийг нийтлэхийг хоригложээ. Олж авсан дүрс бичлэгийн материалууд АНУ зартай террористыг илрүүлэн устгасан нь зөв зүйтэй болохыг нотлох аж.
Телевизийн “Аль-Жазира” сувгийн үзүүлсэн дүрс бичлэгээс үзвэл зартай террорист гэр бүлийн хамт гурван метр өндөр хашаандаа ногоо тарьдаг төдийгүй хонь, ямаатай байжээ.
Бен Ладен нэлээд хэдэн жил гэрээсээ гарч байгаагүй бөгөөд бие төлөөлөгчөөр дамжуулан гадаад ертөнцтэй холбоо барьдаг байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )