АНУ-д Миссисипи мөрний дагуу сүүлийн 80 жил болоогүй хүчтэй үер бууж байна. Тус улсын эргийн хамгаалалтын албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, мөрний зарим хэсгээр худалдааны хөлөг онгоц зорчихыг хоригложээ. Энэ нь бүр өнгөрсөн зуунд тус мөрөнд барьсан далангийн сүлжээг засаж сэлбэх шуурхай ажлыг хийж буй цэргийн албан хаагчдад материалыг түргэн хүргэх шаардлагатай холбоотой аж.
Мемфис хот усанд автах аюултай байгаа учир оршин суугчдыг нь албадан нүүлгэж байна. 3000 гаруй байшингийн оршин суугчдыг аюулгүй газарт хүргэжээ. Мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар, АНУ-ын томоохон энэ мөрний усны түвшин 1937 оноос хойш ингэж нэмэгдээгүй байна. Миссисипийн усны түвшин 13,7 метр хүрсэн бөгөөд тавдугаар сарын 9-нд 14,3 метр хүрч болзошгүй. Миссисипи мөрөн хамгийн сүүлд 1927 онд хүчтэй үерлэж, эргээсээ хальснаас 1000 гаруй хүний амь эрсдэж, 600 мянга гаруй хүн орох оронгүй болж байжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )