Японы мэргэжлийн сумо бөхийн чансаа тогтоох башё эхэллээ.Энэ башёгийн тасалбар үнэ төлбөргүй , ямар нэгэн шагнал урамшуулал олгохгүй гэдгээрээ онцлогтой. Нэгдүгээр сараас хойш башё зохион байгуулаагүй болоод ч тэр үү, сумогийн ордон сэтгүүлч, үзэгчдийн хөлд дарагдаад байна. Үүнийг холбооны зүгээс тайлбарлахдаа "Японд хэдийгээр байгалийн гамшиг болсон ч ард түмэн маань спортдоо ямар их хайртай, үнэнч болохыг энэ башё харуулж байна. Хамгийн гол нь башёгийн тасалбар үнэтэй, үнэгүйдээ биш. Японы ард түмэн үндэсний спортоо дээдэлж байгаагийн илрэл" хэмээн сэтгүүлчдэд ярьжээ.
Японы мэргэжлийн сумо бөхийн чансаа тогтоох башёд оролцож байгаа бөхчүүдийн сэтгэгдлийг хүргэе.
Мэргэжлийн сумогийн 69 дэх аварга Хакүхо: Хэдийгээр ямар нэгэн шагналгүй ч энэ башё, миний хувьд их дурсамжтай үлдэх байх. Өөрийгөө дайчилж барилдан түрүүлэхийн төлөө байх болно. Мөн сумо сонирхогчдыг аль болох уйдаахгүй уран барилдаан гаргахыг хичээнэ. Бусад бөхчүүд ч миний уриалгыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь энэ башёг бид ямар удаан хүлээснийг хүн бүр мэдэж байгаа. Цаашид бүгд дор бүрнээ хичээх хэрэгтэй болов уу
Озэки Кайо: Хүндхэн өдрүүд ард хоцорлоо. Одоо бүгд өөр зүйлд санаа зоволгүй барилдаж, бэлтгэл сургуулилтаа сайн хийх хэрэгтэй.
Озэки Харүмафүжи: Удаан хүлээсэн башё эхэллээ. Өнгөрсөн хугацаанд сумочид бэлтгэл сургуулилтаа орхигдуулж, нэлээд амралтын байдалтай байсан. Үүнтэй холбоотойгоор зарим сумочдын бие суларсан байгаа нь бэлтгэлийн үеэр мэдэгдсэн. Одооноос сумогийн ертөнцөд болж өнгөрсөн асуудлуудыг мартаж өмнөх ирээдүйгээ харах хэрэгтэй. Хэдийгээр өнөөдөр /өчигдөр/ унасан ч цаашид алдаа гаргалгүй хичээж барилдах болно
Сэкивакэ Кисэносато: Сумогийн ордонг дүүртэл цугласан үзэгчдийг хараад үнэхээр сэтгэл хөдөллөө. Дахиж сумогийн ертөнцөд ийм хар толбо үүсэхгүй байх. Холбооны зүгээс ч анхаарч ажиллах биз. Башёг цуцалснаас хойш нэг өдөр нь нэг жил шиг л урт байлаа. Хэдийгээр шагнал урамшуулал байхгүй ч дараа дараачийн өдрийн барилдаанууд илүү ерсөлдөөнтэй, сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна.
З.Марал Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )