Британийн алдарт хөгжимчин, “Битлз” хамтлагийн гишүүн асан Пол Маккартни сүйт бүсгүйдээ 650 мянган долларын бөгж бэлэглэсэн тухай шоу бизнесийн оддын амьдралын тухай өгүүлдэг “US Weekly” сайтад мэдээлжээ. 68 настай Пол Маккартни 51 настай Нэнси Шевеллтэй гэрлэх гэж байгаа тухай “People” сэтгүүл тавдугаар сарын эхээр мэдээлсэн билээ.Тэд дөрвөн жилийн өмнө танилцжээ. Маккартни Шевеллтэй оройн зоог барихдаа гэрлэх санал тавьж, бөгж бэлэглэж байгаа хормыг нууц гэрэл зурагчид авч чадсан байна. Очир эрдэнийн шигтгээтэй цагаан алтан бөгжийг үнэт эдлэлийн наймаачид 650 мянган доллараар үнэлжээ. Үүний сацуу Ливерпулийн дөрвөлийн нэг байсан Пол Маккартни, Америкийн бизнес эрхлэгч Нэнси Шевелл хоёр хуримаа даруухан тэмдэглэхээр бэлтгэж байна. Хуримандаа хоёр талын төрөл төрөгсдийг л урина гаж загварын бизнес эрхэлдэг Нэнси Шевелл АП агептлагт мэдээлжээ. Хурим Их Британи, АНУ-ын алинд болохыг сүйт бүсгүй мэдээлээгүй байна. Пол Маккартнийн анхны эхнэр Линда 1998 онд хорт хавдраар нас барсан. Хоёр дахь эхнэр, загвар өмсөгч байсан Хизер Миллстэй зургаан жил хамт амьдарсны дараа 2008 онд дуулиан шуугиантайхан салсан билээ. Нэнси Шевелл Америкийн хуульч, улс төрч Брюс Блейкментэй хорин жил хамт амьдарсан. Нэнси өөрөө Нью-Йоркийн Тээврийн удирдах газрын захирлуудын зөвлөлийн гишүүн, тэрчлэн гэр бүлийн компанийн дэд ерөнхийлөгч билээ. Дашрамд хэлэхэд, сүйт бүсгүйг дуучны таван хүүхэд буюу 48 настай Хитер, 41 настай Мэри, 39 настай Стелла, 33 настай Жеймс, долоон настай Беатрис нар хүлээн зөвшөөрчээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )