Европ тивийн баруун дээд буланд орших Исланд улс Ерөнхий сайд Сигмундур Гуннлагссоноо огцруулж, “Моссак Фонсека” хуулийн фирмийн “оффшор” бүстэй холбоотой баримтуудаас болж төрөө “самарсан” анхны орон болсон билээ. Ердөө 350-хан мянган хүн амтай, улс төрийн хувьд ч харьцангуй тогтвортой улс юу юуны туханд хүрэлгүй ингэж намбагүйтсэнийг олон нийт оффшор бүстэй холбоотой дуулианаас боллоо л гэж бодож буй.
Харин улс төрөөр мэргэшсэн шинжээчид арай өөрөөр харж байна. Тэд Ерөнхий сайдын огцролтыг парламент дахь сөрөг хүчин Пиратын намтай холбон тайлбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ намын зөв улс төржилт, ухаалаг тоглолт Исландын Засгийг унагаж орхижээ.
Гаднаас нь харахад, шинэ Ерөнхий сайдаа хуучин танхимаасаа томилж, Прогрессив нам төрийн эрхэнд хэвээрээ байгаа мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ улс төрийн намын гол баялаг болох ард түмний итгэл аль хэдийнэ энэ намаас хульжин одсон байна. Хамгийн хачирхалтай нь, эрх баригчдаас зугтсан тэрхүү итгэл Исландын хашир туршлагатай улс төрийн хүчин болох Тусгаар тогтнолын нам, Социал демократ альянст бус, байгуулагдаад дөрвөн жил ч болоогүй Пиратын намд шилжиж байгаа нь гайхал төрүүлж байгаа юм.
Пиратын нам нь Панамын баримтууд дэлгэгдэн, эрх баригчдын байр суурь ганхаж эхлэхтэй зэрэгцээд “Долоо хоногт 35 цаг ажилладаг болгоно” хэмээн амалж хөдөлмөрчдийн дэмжлэгийг хүлээжээ. Түүнчлэн өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн “Зуизм” хэмээх шинэ шашны урсгалыг баримтална гэдэг санаагаа дахин гаргаж ирсэн нь хтейстууд буюу шашингүйн үзэлтнүүдэд гойд таалагдсан байна. Исландад насанд хүрсэн иргэн бүрээс жилд 700 ам.доллартай тэнцэх хэмжээний “Сүм хийдийн татвар” авахыг хуульчилсан байдаг аж. Зөвхөн сүсэгтнүүд биш, атейст буюу бурханд үл итгэх үзэлтнүүд ч энэ хуульд хамрагдан татвар төлдөг учраас дургүй нь хүрдэг байж л дээ. Пират намын дэвшүүлээд байгаа “Зуизм” хэмээх шашны урсгалын гол давуу тал нь иргэдээс ямар нэг байдлаар татаас авахгүй байх явдал юм байна. Тиймээс атейстууд үүнийг хамгийн түрүүнд дэмжсэн нь ойлгомжтой юм. Тус улс дахь зуист сүмийн тэргүүн Арнор Бьярки Сварфдаль Арнарсон гэгч өнгөрсөн жилийн өдийд “ВВС” агентлагт өгсөн ярилцлагадаа бишрэн дагагчдынх нь тоо 3000-аас давсан талаар өгүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, зуист шашинт иргэдийн тоо жилийн өмнө л Исландад байгаа бүх лалын шашинтны тооноос илүү гарсан байж. Ийм хурдацтай тархаж байгаа шашныг дэмжсэнээрээ Пиратын нам нэр хүндээ улам өсгөсөн нь лавтай. Сүм хийдийн татварыг болиулах, улсын төсвөөс татаас өгдгийг болиулах ажлыг сүм хийд өөрөө биш, улс төрийн хүчин л хийж чадах нь ойлгомжтой учраас ийм эерэг үр дүн үзүүлжээ.
2012 онд байгуулагдсан тус нам жилийн дараа анхны сонгуульдаа оролцож, таван хувийн босгыг дөнгөн данган давж байсан бол эдүгээ улсынхаа хамгийн рэ хүндтэй улс төрийн хүчин болж хувирчээ. Офф шор бүстнй холбоотой дуулиан дэгдсэний дараа явуулсан санал асуулгаар “Яг одоо сонгууль болбол Пиратын намд санал өгнө” гэдгээ исландчуудын 38 хувь нь илэрхийлсэн байна. Үүнд тус намын дарга Биргитта Йонсдоттирын шударга шулуун зан, үзэл боддлоо цэцтэй илэрхийлдэг, мэдрэмжтэй байдал нөлөөлсөн нь дамжиггүй. Тэрээр “Викилийкс” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийн хамгийн ойрын хамтрагчдынх нь нэг байсан гэдгээрээ анх олон нийтэд танигдсан нэгэн. Гэвч хүчингийн хэрэгт холбогдсоных нь дараа хамтрагчаа “Гаж донтон” гэж нэрлээд, үйлдсэн хэрэгтээ “Викилийкс”-ийг хутгаж байгаа явдалд дургүйцэж буйгаа илэрхийлсэн удаатай.
Тэрээр зөвхөн эх орондоо төдийгүй олон улсад өрнөж буй хэрэг явдалд өөр өнцгөөс хандаж, дэлхийд эзлэх Исланд улсын орон зайг иргэддээ мэдрүүлж чаддаг хүчирхэг эмэгтэй. АНУ-ын Тагнуулын төв газрын ажилтан Э.Сноудены шуугиан олон улсын анхааралын төвд байх үед “Исланд улс Э.Сноуденд орогнол олгоно, иргэнээ болгож ч магадгүй” гэсэн мэдээлэл гарсан. Энэ яриаг гаргасан хүн нь Б.Йонсдоттир аж. Тэрээр мөн хаа байсан Францад “Charlie Hebdo” сонины редакци руу халдсан хэргийн дуулианаар улс төрийн тэмцэл өрнүүлж, улс оронд 1940-оноос хойш үйлчилсэн “Гүтгэх дормжлохын эсрэг” хуулийг хүчингүй болгож байв.
Төсвийн хөрөнгөөр баяжсан этгээдүүдийг төрийн эрх мэдлээс зайлуулах ёстой гэдэг үзэл бодолтой тэрээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас снэр дэвшихээр өрсөлдөж буй сенатор Берни Сандерс, Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас, Испанийн “Падемос”, Италийн “Таван од” хөдөлгөөнийг гадаад дахь холбоотноо гэж үздэг байна. С.Гуннлагсоныг огцорыг шаардагсдын ихэнх нь Пиратын намын дэмжигчид байсан бөгөөд дарга Б.Йонсдоттир нь шинэ Ерөнхий сайд С.И.Йоханссоныг томилохтой холбоотой асуудлаар шалтаглан ирэх есдүгээр сард Парламентын ээлжит бус сонгууль явуулах ам өчгийг эрх баригч намаас авч чадсан билээ.
Хэрвээ яг одоо сонгууль болбол Засгийн эрхийг Пиратын нам авна гэдэгт эргэлзэх зүйл алга. Учир нь, хамгийн сүүлд явагдсан судалгаагаар намын чансаа 43 хувьд хүрсэн нь тодорхой болжээ.
Б.Цогт-Ирээдүй
Сэтгэгдэл ( 2 )
сүүлийн үед улс төр судлаачЬ УЛС ТӨРИЙН ТОЙМЧ гэж ярчж өөрсдийгөө нэрлэсэн НӨХДҮҮД НЭЛЭЭД НИЙТЛЭЛ БИЧДЭГ БОЛЖЭЭ, НИЙТЛЭЛЭЭ ӨӨРСДӨӨ Л ОЙЛГОХ БАЙХ ДАА, УНШИГЧИЙН НҮДЭЭР ХАРЖ УНШИХАД УТГА АВЦАЛДАА МАШ МУУТАЙ БАЙХ ЮМ ДАА
Хахуулиар авсан их мөнгөө гадагшаа байрлуулсан төрийн томчуудынхаа учрыг нь олж хужрыг тунгаах л хэрэгтэй. Өөрсдөө ард иргэдээ хуурдаг, хуулиа гууль бологсдод монголын төр ямар хүчгүй юм бэ? Хуулийнхан ч ялгаагүй авилгалд идэгдсэн дарга нараа хараад л хуулиа хэрэгжүүлэх чадваргүй. Ерөнхий сайд нар нь гэрээнд гарын үсэг зурж мөнгө хармайлахаа мэдэхээс ард иргэд нь ямар байх нь тэдэнд хамаагүй бололтой. Төр мөхсөн, төр хүчгүй.