АН татварын хэмжээгээ өсгөсөнтэй холбогдуулж МЭДЭГДЭЛ гаргалаа

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 11

Ардчилсан намын бүх шатны намын хорооны дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр болно.

 Нэр дэвшигчдийн бүртгэл энэ сарын 6-наас 13-ны хооронд явагдаж дуусна. Энэ удаа дээрх сонгуульд өрсөлдөж байгаа гишүүдийг намын нийт гишүүд нь сонгохоос гадна  сонгуулийн зардлыг бүрдүүлэх зорилгоор нэр дэвшигчдээс 3 сая төгрөгийг татвар авч байгаа аж. 

Энэ талаар Дотоод сонгуулийн хорооны дарга Б.Ариунболд хэлэхдээ "Сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүс дэнчин төлөх бол бүх л намд байдаг асуудал. Манай намд ч гэсэн өмнө нь байсан. Жишээлбэл, өмнө ҮЗХ-н гишүүд жилд нэг сая төгрөгний татвар төлдөг байсан. Одоо бол Үндэсний бодлогын хорооны гишүүний татвар жилд гурван сая төгрөг төлдөг болж өөрчлөгдсөн гэв. 

Нэр дэвшигчдийн татварын хэмжээ өссөн явдлыг АН-ын зарим гишүүд нь эсэргүүцэж  байгаа тул Ардчилсан намын зүгээс намынхаа гишүүдийг Ардчилсан намын шинэчлэлийн үйл ажиллагааг дэмжиж идэвхитэй оролцохыг уриалж мэдэгдэл гаргажээ. 


АРДЧИЛСАН НАМЫН МЭДЭГДЭЛ

Ардчилсан нам нь 2016 оны ээлжит сонгуульд хүлээсэн ялагдалдаа дүгнэлт хийн бүх шатандаа шинэчлэгдэх үйл явцыг эрчимтэй өрнүүлж байна. 2016 оны 12 дугаар сарын 06 болон 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр болсон Намын 6, 7 дугаар Их хурлууд, 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр болсон “Намын даргыг бүх гишүүдээс сонгох” сонгууль зэрэг нь бүхэлдээ Ардчилсан намыг илүү олон түмний, жирийн гишүүддээ суурилсан нам болгох суурь шинэчлэлийн эхлэл байсан.

Намын санхүүжилтийг хэсэг бүлэг хөрөнгөтэй этгээдүүдээс бүрдүүлдэг байсан тогтолцоо нь Ардчилсан намыг тухайн санхүүжүүлэгч нараас хараат болгох сөрөг үр дагавартай болохыг өнгөрсөн түүх хангалттай харуулсан. Ийм учир улс төрийн зохион байгуулалт, эдийн засаг, санхүүгийн хувьд бизнесийн болон олигархи бүлэглэлээс бие даасан, хараат бус болох чиглэлийг баримтлан шинэчлэгдэж байна. Хэдийгээр хуулиар шаардаагүй ч гэсэн Ардчилсан нам дансаа шилэн болгосон бөгөөд намын нийт гишүүд болон иргэд demparty.mn хаягаар хандаж намын хандив болон нарийвчилсан зардалтай танилцах боломж нээлттэй байна. Энэ нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын хувьд шинэ соёлыг бий болгож байгаа юм.

Дэлхийн олон оронд жишиг болсон нийт гишүүд болон сонгуульт гишүүдийн хандив, татвараар намын санхүүжилтийг бүрдүүлдэг, сонгодог жишиг рүү Ардчилсан намын шинэчлэл цаашид ч явах болно. 2000 онд Ардчилсан нам шинээр зохион байгуулалтад ороход сонгуульт гишүүдийн татварыг нэг сая төгрөгөөр тогтоож байсан бол арван долоон жилийн дараа гурван сая болгож өөрчилсөн болно. Ардчилсан нам нь нийт гишүүд дэмжигчдийнхээ хүлээлтийг бүрэн хангаж, нээлттэй, шилэн, нийт гишүүдийн хүсэл зориг дээр үндэслэн шийдвэр гаргадаг улс төрийн хүчин болон шинэчлэгдэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Олон нийт, гишүүдэд хандан мэдэгдэл гаргасан намын гишүүдийг Ардчилсан намын шинэчлэлийн үйл ажиллагааг дэмжиж идэвхитэй оролцохыг уриалж байна.

АРДЧИЛСАН НАМ

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр

an

 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top