АН-ын гишүүд намынхаа дотоод сонгуулийг хойшлуулахыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 13

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл тэргүүтэй АН-ын гишүүд, дэмжигчид намын удирдлагууддаа шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ. Хуралд  УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, АН-ын гишүүд болох Д.Бямбацэрэн,А.Жасрай, Д.Нямхүү болон  бусад гишүүд оролцов. 

Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос намын бүх шатны сонгуульд нэр дэвших гишүүдийн татвар, дэнчин төлөх VII Их хурлаар хэлэлцсэн намын үндсэн дүрмийг илт зөрчсөн эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гагасаныг тэд мэдээллийн эхэнд онцолсон юм.

Мөн Их хурлаар баталсан үндсэн дүрмийг Дээд шүүх хүлээн зөвшөөрөөгүй байхад дотоод сонгууль зохион байгуулахыг эсэргүүцэж, улмаар хойшлуулахыг шаардав. 

Энэ тухай  УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл "Дотоод сонгуулийн хорооны өнөөдрийн авирлаж байгаа энэ байдал нь  бодлогын хорооны эрх мэдлийг шууд булаан авч, татвар тогтоодог, татварыг намын бус дансанд төвлөрүүлдэг эндээсээ өөрсдөө зарцуулдаг мөн хэнийг сонгуульд өрсөлдүүлэх үү гэдэг бүртгэлийг хийдэг, шийвэр гаргадаг зэрэг 5-6 эрх мэдлийг нэг дор төвлөрүүлсэн байгууллага болж хувирсан. Энэ эрх мэдлийг хэн ч тэдэнд олгоогүй.  Ийм байтал сонгууль шударга болно гэхэд итгэх итгэл алга. АН-ын Улсын Дээд Шүүхэд бүртгэгдсэн шинэчилсэн дүрэм одоо хүртэл гишүүдэд нээлттэй болоогүй, дүрэм баталгаажсан эсэх нь тодорхойгүй байгаа энэ нөхцөлд намын бүх шатны сонгууль явуулах нь хожим сонгуулийн дүрмийн хүрээнд явагдсан эсэх маргаан дагуулах үр дагавартай гэж үзэж байна" гэв. 


АН-ын гишүүн Э.Бямбацэрэн: "Манай намын дүрэм Дээд шүүхэд  бүртгэгдээгүй байгаа нь одоогийн зарлаад буй дотоод сонгууль дүрэмгүй тоглолт болоод байна. Дотоод сонгуулийн хорооноос нэр дэвшигчдийг бүртгэх журмыг гаргасан байгаа. Гэтэл энэ  байгууллагад ямар нэгэн дүрэм, журам батлах эрх байхгүй. "Журмыг зөвхөн улс төрийн зөвлөл буюу Үндэсний бодлогын хороо гаргана" гэж дүрэмдээ заасан байдаг. Дотоод сонгуулийн хорооноос гаргасан журамтай танилцахад, үндсэн дүрмээ зөрчсөн, зөвхөн өөрт хэрэгтэй гэсэн зүйл заалтуудыг хэсэгчилэн авсан байгаа юм.Тухайлбал, "Өмнөх сонгуульд намаа ялагдуулсан засаг дарга нарыг дахин  удирдлагын сонгуульд нэр дэвшүүлэхгүй "гэж  дүрэмдээ заасан атал үүнийг хассан байгаа. Мөн "Намаа ялагдуулсан намын дарга нар дараагийн намын даргад нэр дэвшихгүй гэсэн заалт байсаар байтал итгэл үзүүлсэн бол дахин нэр дэвшиж болно" гэж байхгүй заалтыг оруулж ирсэн нь  сонгуулийн дотоод хороо өнгө үзэмжийг харж дур мэдэн шийдэж байгааг илтгэж байна" гэсэн юм. 


 

АН-ын ахмад гишүүн А.Жасрай: "Би АН-ын ууган гишүүдийн нэг. Дотоод сонгуулийн хороо дур мэдэн дүрэм журам гаргаад энэ сонгуулиар шинээр гишүүн элсүүлнэ гэсэн. Өнөөдөр намын даргаа ч, дүрмээ ч мэдэхгүй хүмүүсийг бөөнд нь оруулж ирэх гэж байгаа нь зориуд зохион байгуулалттай хийж буй ажил гэж би хувьдаа харж байна. Саяхан болсон намын даргын сонгуулиар намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл хийгдсэн байтал дахин гишүүд нэмж бүртгэх гэж байгаа явдлыг нь бид зөвшөөрөхгүй. Мөн хураамж, дэнчингийн тухайд мөнгөтэй л бол гурван шатны сонгуулийн аль алинд нь нэр дэвших боломжтой байгаа  юм. Сонгох, сонгогдох эрхийг нь ингэж мөнгөөр боомилж байгаа нь гишүүдийн ахуй амьдралд ихээхэн дарамт учруулж байна" гэлээ.  

 

 

 

АН-ын гишүүн Д.Нямхүү: "Одоогоор хэдэн хүн нэр дэвших нь тодорхойгүй байхад нийслэлийн Ардчилсан намын даргад нэр дэвшигчийн дэнчинг шууд 90 сая төгрөгөөр тогтоосон нь буруу. Дээр нь сонгуулийн хураамж, дэнчинг зөвхөн төв нам дахь дансанд байршуулах ёстой. Хэрвээ энэ дансанд хийхгүй бол нэр дэвшүүлэхгүй. Ийм байж, данс ил тод бус. Энэ их дэнчин, хураамжаас болж залуучууд, эмэгтэйчүүд Үндэсний бодлогын хороонд орж ирэх боломжгүй болж байна.  Өнөөдөр дэнчин, хураамж хоёр нийлээд 6 сая төгрөг төлөх шаардлага тавьж байгаа нь нэр дэвшин өрсөлдөх боломжгүй болгож байгаа" гэлээ.


 

Тэдний тавьж буй дээрх шаардлагыг хүлээн авч гуравдугаар сарын 13 ны өдрийн 10 цагаас өмнө хариу өгөхийг хүслээ.

 

 

Б.Алтжин

Гэрэл зургийг:Ц.Баярбаатар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(202.179.23.99) 2025 оны 03 сарын 13

АН ҮХЭЛРҮҮГЭЭ ЯВААД ЭХЭЛЛЭЭ ДЭЭ.ЁСТОЙ БУРУУ ХҮНЭЭ СОНГОЖ ДЭЭ.МАШ ИХ ХАРАМСАЖ БАЙНА.

1  |  0
Яравгар өвгөн(122.201.21.201) 2025 оны 03 сарын 13

АН нь хариу өгч чадах юм уу даа. Бараг л чадахгүй дээ.

1  |  0
Top