Хаврын чуулганы халуун сэдэв юу байх вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 06

 УИХ-ын хаврын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Энэ хаврын ээлжит чуулган нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болох, мөн хэд хэдэн онцгой хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн нь анхаарал татаж байна.

Төсвийн тодотголыг хэлэлцэх, татвар нэмэх, ОУВС-гийн хөтөлбөрийг батална, Үндсэн хуульд өөрчлөлт оруулна, Казиногийн хууль батлах гэхчлэн хэлэлцэх асуудлын жагсаалт хөвөрч байгаа. Нийтдээ 34 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.

Төсвийн тодотголыг хэрхэн шийдэх вэ?

Хаврын чуулганаар нэн тэргүүнд Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх юм. УИХ дахь МАН-ын бүлэг намрын чуулган завсарласны дараа хуралдаж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах нь зүйтэй гэж олонхоороо шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, эрх баригчид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах улс төрийн шийдвэрээ гаргачихсан гэсэн үг. Гэвч хөтөлбөрт хамрагдахын тулд гаргах шийдвэрүүд нь 65-ын бүлгийнхнийг эргэлзүүлж эхэлжээ. Засгийн газар 2017 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого зургаан их наяд төгрөг буюу ДНБ-ий 23.1 хувь, зарлага 8.7 их наяд буюу ДНБ-ий 33.7 хувь байхаар тооцсон. Харин нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 10.6 хувьтай тэнцэхээр төсөөлсөн. Төсвийн алдагдал өссөн шалтгаан нь бондын эргэн төлөлттэй холбоотой юм.

   Үүнээс гадна Монгол Улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээрт хамрагдахын тулд төсвийн орлогыг нэмэгдүүлж, зардлаа танах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Энэ хүрээнд хүлээгдэж байсанчлан зарим татварыг нэмэгдүүлж, зардал танах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төсвийн тодотголд тусгасан. Тухайлбал, орлого өсгөхийн тулд зургаан төрлийн татвар нэмэгдүүлэхээр тусгажээ. Харин төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нөлөө бүхий шинээр батлагдсан зарим хуулийг буцаан өөрчлөх зэрэг арга хэмжээг авахаар Засгийн газраас төлөвлөсөн. Товчхондоо, 2017 оны төсөвт тодотгол хэрхэн хийхээс хамаарч Монгол Улс ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээрт хамрагдах, эсэх нь шийдэгдэнэ. Гэхдээ УИХ-ын дарга М.Энхболд Япон улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ энэ оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага байгааг онцолсон. Өөрөөр хэлбэл, МАН Хаврын чуулганаас хүлээх үр дүн энэ оны төсөвт тодотгол хийж, ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэхэд санал нэгдсэн хэмээн ойлгож болох юм. Гэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн мягмар гарагт албан бусаар хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2017 оны төсвийн тодотголыг хүлээж авахгүй байхаар санал нэгджээ. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төсвийн тодотгол хийхдээ иргэдээс авах татварыг нэмэгдүүлэн төрийн зардлыг нэмэгдүүлж оруулж ирж байгаад манай бүлэг санал нэгдэхгүй байна” гэжээ.

Оффшорыг хуульчлах уу

Дараагийн том сэдэв бол оффшор данстай холбоотой хариуцлага тооцох хуулийн төсөл юм Энэхүү хууль нь иргэдийн зүгээс болон иргэний нийгэмийн байгууллагуудын зүгээс маш ихээр анхаарал хандуулж буй сэдэв. Энэ асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд тойрогтоо ажиллахдаа “Оффшор данстай иргэдийг төрийн албанд ажиллуулахгүй байх зүйл, заалттай хуулийн төслийг эцэслэн шийдвэрлэнэ” гэсэн юм. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ч оффшор данстай хүмүүст төрийн төмөр нударганы амтыг үзүүлэх тухай ярилцлагаа олон нийтэд хүргэлээ. Учир нь, эрх баригчдын байр суурь сүүлийн үед эдийн засгийн нөхцөл байдал, ОУВС бус оффшор данстнуудтай хариуцлага тооцох асуудал руу чиглэж байна.

Төлөвлөсөн хуулийн төслүүдээ хэлэлцэж амжих уу 

Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 34 асуудлын дотор олон нийтийн анхаарлыг татаж буй нэлээд хэдэн төсөл бий. УИХ-аар хэлэлцэх томоохон төсөлд Зөрчлийн тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд багтжээ.

Гурав дахь анхаарал тавих асуудал нь Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай УИХ-ын тогтоолын төсөл юм. УИХ намрын чуулганаараа эл асуудлыг хэлэлцэж байсан ч зөвхөн төмрийн хүдрийг зөөхөд зориулсан төмөр зам барих нь учир дутагдалтай гэж үзсэнээр Засгийн газрын оруулж ирсэн төслийг буцаах шийдвэр гаргасан. Иймээс төсөл санаачлагчдын санал болгох төсөл нь Тавантолгойн нүүрсийг экспортод гаргах маршруттай байх нь чухал болж буй.

Хэлэлцэх асуудалд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл аж. УИХ-ын барьж байгаа бодлого нь Үндсэн хуульд орвонгоор нь өөрчлөлт хийх боломжгүй гэж үзэж буй юм. Нэг үгээр хэлбэл, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал л хөндөгдөнө. Энэ хүрээнд төрийн эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй, оновчтой болгох, хариуцлагын тогтолцоог Үндсэн хуулийн хэмжээнд авч үзэх, шийдвэр гаргах механизмыг тодорхой болгох гэсэн бүлэг асуудлыг тойрч асуудал хөндөгдөж мэдэхээр байгаа.

Энэ их жагсаал, тэмцлийн дундуур УИХ хууль хэлэлцэж батлаад амар амгалан сууна гэж байхгүй л болов уу. Улс төрийн халуун өндрөө авч, “галзуурах” ийм цаг үед Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг эхлүүлэх, иргэдийн уулзалтууд шилээ даран хөвөрнө. Гэтэл болохгүй бүтэхгүй бүх асуудлын эзэн МАН, тэмцэгчдийн гол бай нь гүйцэтгэх засаглалын тэргүүн Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд нар руу чиглэж байна.

Нөгөө талаас УИХ өөрөө эвийн хэрэм шиг байж чадаж байна уу гэвэл бас л үгүй. АН-ын бүлгийн есөн гишүүн дээр Ардын нам дотроос Ц.Нямдорж, Ж.Энхбаяр, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд сөрөг байр сууриас асуудалд хандсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, хаврын чуулганы хэлэлцэх 34 хуулийн төсөлд төсөв  татварын бодлого, Казиногийн хууль, Оффшорын асуудлууд нь маргаан мэтгэлцээнийг дагуулах нь мэдээж. Улс төрчсөн халуун өдрүүд хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хуулийн төслүүдийн ард гарч чадахгүй ч байж мэдэхээр байна.

Б.Батбаасан 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top