УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Шалгалтын дүнг засаж авилгал авдаг гэсэн хардлага арилна

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 11

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр программ хангамжийн салбарыг хөгжүүлж, монгол залуус оюуны бүтээлээрээ дэлхийд гарах боломжтойг сануулж, дэмждэгээрээ бусад гишүүдээс ялгардаг. Тиймдээ ч энэ салбарын үйл ажиллагаанд эрхэм гишүүний оролцоо их. Саяхан тэрээр өөрийн фэйсбүүк хуудаснаа цахим орчинд шинэ технологи нэвтрүүлж байгаа нэгэн залуугийн тухай бичиж, санаачилсан ажлыг нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн байв. Тухайлбал, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ гэж залуу сургууль төгсөгчдийн өгсөн ЭЕШ-ыг газар дээр нь засаж, хариу дүнг мэдээлэх “шилэн технологи” нэвтрүүлж буй тухай юм. Ж.Энхбаяр гишүүн, “Төрийн ажил аваад улс орон, ард түмэндээ хэрэгтэй шинэчлэлийг зоригтой хийж яваа залуучууд байхад хувийн ашиг хонжоо харж элдэв хэрэгт холбогдож яваа залуус ч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 14 хоногийн дараа гардаг байсныг шалгалт дуусмагц сурагчдын өмнө засагч машинд уншуулж нүдэн дээр нь шууд дүнг нь мэдээлдэг болж байгаа юм байна. Шалгалтын дүнг засаж авилгал авдаг гэсэн хардлага арилна. Энэ залууг би танихгүй ч зоригтой шинэчлэлийг нь дэмжих болно. Өөр бодол санаатай энэ ажлыг явуулах дургүй хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Ж.Ган-Эрдэнэд амжилт хүсье. Төрийн албыг илүү хүртээмжтэй, ил тод, нээлттэй, шударга болгоход технологийн боломжийг ашиглах ёстой. Өнөөдөр технологи дэлхийг өөрчилж байна” гэж бичжээ.

 

Э.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top